Нийслэлийн Засаг дарга албан хаагчдыг санал, зөвлөмжийг сонслоо

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-ын нийт албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, шинээ санаачлан боловсруулж байгаа судалгаа болон цаашид шийдвэрлүүлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд албан хаагчид өөрсдийн санал бодлоо Нийслэлийн Засаг даргад илэрхийллээ. Тухайлбал хот байгуулалтын баримт бичиг, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл, зураг төсөв боловсруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улс, нийслэлийн төсөвт тусгаж байх ингэснээр төлөвлөлтгүй хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах явдлыг таслан зогсоох боломжтой талаарх саналаа илэрхийллээ. Мөн газар зохион байгуулалт, газар олголтыг төлөвлөлтийн дагуу явуулдаг байх тогтолцоог бүрдүүлж хот төлөвлөлт, газар олголтын уялдаа, холбоог нягт болгох ёстойг уламжиллаа.