Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 232 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар нийслэлийн 6 дүүргийн 131 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд дараах аж ахуйн нэгж, байгууллагад төсөл хэрэгжүүлэх эрх олгосон “БАТЛАМЖ”-ийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар өнөөдөр гардуулав. Үүнд:
-
Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Эм Эм Жи Капитал” ХХК
-
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай АШҮН 26 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “ОХС” ХХК
-
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 11, 12 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Тэргүүн чансаа” ХХК
-
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 200, 201, 202 дугаар байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “ДАЛУ” ХХК тус тус шалгарлаа.
Ингэснээр нийслэлийн 4 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 60 барилгыг буулган шинээр барих 19 төсөл хэрэгжүүлэгчийг нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжилсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг төрөөс зохион байгуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртлэх сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 15 барилгыг буулган Хан-Уул дүүрэгт “ЭФЭС констракшн” ХХК, “Нутгийн буян” ХХК, Баянгол дүүрэгт “Тэргүүн чансаа” ХХК нь 301 айлын 3 орон сууцны барилга шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд бусад байршлуудад барилга угсралтын ажил явагдаж байна.