Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа Хот байгуулалтын мэдээллийн санг хэрхэн бүрдүүлж байгаа, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, Улаанбаатар хотод шинээр байгуулагдсан хороодын талаар болон ирэх онд шинээр санаачлан хэрэгжүүлэх гэж буй ажлуудаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Хот байгуулалт, хөгжлийн газар нь Хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, Хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орон зайн мэдээллийн дэд бүтэц байгуулах, мэдээллийн сангийн удирдлага зохион байгуулалт, хадгалалт, хот байгуулалтын мэдээллийн санг хэрэглэгч ашиглагч байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны тогтолцоог бий болгох Мэдээллийг иргэдэд ил тод шуурхай хүргэх ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар нийт 9 бүлэгт 377 төрлийн зургийн 512666 объектын мэдээлэл байна.
Байгууллагын цахим хуудаснаа тус газраас үзүүлдэг 24 төрлийн үйлчилгээ, Улаанбаатар хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл, газар барилгажилтын хурлын тов, дүгнэлт, барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын хуваарь, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зар, Улаанбаатар хотын хаягжуулалт, гудамж талбайн нэршил зэрэг мэдээ мэдэллийг http://uda.ub.gov.mn/
зөвшөөрөлтэй барилгын мэдээллийг http://www.uda.ub.gov.mn/building/ цахим хуудаснаа тус тус байршуулаад байна.
Тухайлбал: Баянгол дүүрэгт 269, Баянзүрх дүүрэгт 397, Сүхбаатар дүүрэгт 226, Чингэлтэй дүүрэгт 121, Хан-Уул дүүрэгт 484, Сонгинохайрхан дүүрэгт 361, Налайх дүүрэгт 58, Багануур дүүрэгт 16, Багахангай дүүрэгт 14 нийт 1946 барилгын мэдээллийг цахим хуудаснаа байршуулаад байна.
Хот байгуулалтын мэдээллийн хэлтэс нь ирэх онд Барилга барих хүсэлтийг, архивын лавлагааг цахимаар хүлээн авах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсноор төрийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, гэрээсээ төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм.