1924 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНМАУ-ын Улсын 14 дүгээр их хурлаар Нийслэл хүрээг дорно дахинаа ардын хувьсгалын оч нөлөөг дэлгэрүүлэхийн бэлэг тэмдэг болгон нэрийг Улаанбаатар хот хэмээн тогтоожээ. Энэ үед Улаанбаатар хот 13 хороо, Амгаланбаатар дагуул хоттой нийлээд нийт 14 хэсгээс бүрдэж байсан.
Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос эхэлж ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж, 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байжээ.
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш 5 дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг анх удаа Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж, 2013 оны тодотгон Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага хот байгуулалтын баримт бичиг”-г хуульчлан баталж, хот байгуулалтын үйл ажиллагаанд мөрдлөг болгон ажиллаж байна.