Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Орлогч дарга Ш.Уртнасантай хот төлөвлөлтийн талаар ярилцлаа

Улаанбаатар хотод агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдлын асуудал яригдах боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хот төлөвлөлт ихээхэн  чухал үүрэгтэй, энэ тал дээр танай газар ямар бодлого баримталж байна вэ?

Улаанбаатар хотын хөрсний бохирдуулагч гол хүчин зүйлсэд арьс ширний үйлдвэрээс гарч буй бохир, гэр хороолол дахь нүхэн жорлон, борооны ус зайлуулах шугам, хог хаягдал, зориулалтын бус авто угаалгын цэгүүд, барилгын материалын үйлдвэрлэл, гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа тортог, ургамлын бүрхэвч нь үгүй болсон шороон зам талбай,  автомашины дугуйн тоос гэж үзэж байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төслийг боловсруулж НИТХ болон хурлын Тэргүүлэгчдээр батлуулан ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг 47 нэгж хороолол болгон төлөвлөсөн бөгөөд үйлдвэрүүдийг хотоос гаргах бодлого баримталж байна. Үүний дагуу өнгөрсөн жилүүдэд Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн парк, Эмээлтийн арьс ширний хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн зураг төсөл батлагдаж хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Багануур үйлдвэрлэл технологийн парк, Багахангай дахь Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил хийгдэж байна. Дахин төлөвлөлтөөр гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажил хийгдэж орон сууцны олон арван барилгууд баригдаж ашиглалтад орсныг бид мэднэ, гэхдээ уг ажил бүрэн хэрэгжиж дуустал гэр хорооллын нүхэн жорлонд тодорхой шалгуур тавих хэрэгтэй байна. Тухайлбал, бохирыг хөрсөнд нэвчүүлэхгүй байх, тодорхой хугацаанд тогтмол бохирыг соруулж зайлуулдаг байх зэрэг. Мөн борооны ус зайлуулах хөгжүүлэх нэгдсэн шугамыг байнгын ажиллагаатай байлгаж, далан суваг хааж буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай байршлуудад далан сувгийг шинээр барих, хөрсний ус зайлуулах нэгдсэн систем байгуулах, цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах гээд олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна.

Бид дээрх асуудлууд болон ариутгах татуургын төвлөрсөн шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг төлөвлөлтийн дагуу шийдвэрлэх, бие даасан бага оврын цэвэрлэх байгууламж барих, саарал ус ашиглах хууль эрх зүйн орчин норм дүрмийг батлуулж мөрдөх, төв цэвэрлэх байгууламжинд технологийн шинэчлэл хийх зэрэг асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Улаанбаатар хотоос гарч буй хатуу хог хаягдлыг ангилан ялгалгүйгээр ландфиллийн аргаар булж байгаа нь хөрс, усны бохирдлыг нэмэгдүүлж байна. Иймд хотоос гарч буй хатуу хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой төрлүүдээр үйлдвэр байгуулснаар хог хаягдлын хэмжээг багасгаж эко парк байгуулах шаардлагатай байна. Үүний тулд эхний ээлжинд нэгэнт бохирдсон хөрсийг цэвэршүүлж эрүүлжүүлэх, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинтой болох нь чухал байна.

Цаашид Улаанбаатар хотыг хэрхэн төлөвлөх ёстой гэж харж байна вэ?

Энэ онд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлыг хангаж Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг дүгнэх хот байгуулалтын үнэлгээ боловсруулах, мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатар бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгааны ажлыг  хийж эхлүүлсэн. 2018 онд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах ажил хийгдэж эхэлнэ. Төлөвлөлтөд хотын нягтралыг багасгаж, дагуул хаяа хотыг хөгжүүлэх замаар хот тэлэн хөгжих нөхцлийг бүрдүүлэхээс гадна гэр хорооллын газрыг дахин төлөвлөх замаар төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины болон нийтийн зориулалттай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг баримтална. Ингэснээр өнөөдрийн тулгамдаж байгаа агаар, хөрс, усны бохирдол, автозамын түгжрэл зэрэг асуудлууд шийдвэрлэгдэхэд чиглэгдсэн төлөвлөлт болно.

Улаанбаатар хотыг төлөвлөхөд нэн тэргүүнд ярих асуудал нь дэд бүтцийн асуудал яригдана. Энэ талаар олон улсын арга туршлагаас хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бэ?

Ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх үе шаттай уялдуулан төвлөрсөн шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил хийгдэж байна. Төвлөрсөн шугам очих боломжгүй газруудад хэсэгчилсэн инженерийн хангамжаар шийдэхээр 150-200 айлын дунд Дэд бүтцийн төв буюу Сервес центер байгуулах төслийг эхлүүлж техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж дуусаад байна. 2018 онд эхний байршил болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын асуудлыг нийслэлийн төсөвт тусгаж, зураг төсөл нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлсэн.

Мөн гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахаар шинээр төлөвлөлт хийж буй талбаруудад инженерийн дэд бүтцийг нэгдсэн хонгилын системд суурилуулах талаар төслүүдэд тусгаж, хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаа боловсруулж байна.

Танай байгууллага өнгөрсөн онд хот төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийсэн вэ?

Зөвхөн хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын хувьд л гэхэд 2017 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 16 нэгж хороолол болон Эмээлтийн үййлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Мөн 12 дугаар сарын 21-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 167 дугаар тогтоолоор Яармагийн спорт цогцолборын орчмын шинэ суурьшлын бүсийн барилгажилтын төсөл, Био-Сонгино, Морингийн даваа, Авто худалдааны төв, Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг батлууллаа.

Улаанбаатар хотын дагуул, хаяа хот тосгодыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тэрэлж, Гачуурт, Хонхор хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад захиалагчийн хяналт тавин ажиллаж байна. Энэ оны 4-5 сард эрх бүхий байгууллагаар батлуулах ажлыг зохион байгуулна

Нийслэл хотын төвлөрөл олон нийтийг бухимдуулдаг ганц асуудал. Үүний гол шалтгаан нь орон нутгаас шилжин ирэгсэд. Үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?

2013 онд Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн чиглэлийн нэг нь “нэг төвт хотоос олон төвт хот болгон төвлөрлийг сааруулах” гэсэн концепци юм. Энэ чиглэлийн дагуу төлөвлөлтөд хотын чанартай 2 төвийн нэг нь ”Их тойруу”-д, хоёр дахь нь Хан-Уул дүүрэг, “Яармаг”-т байна. Харин дүүргийн чанартай дэд төвүүд нь хотын суурьшлын бүс дэх худалдаа үйлчилгээ төвлөрсөн  Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ төв, Гурвалжин, Амгаланд байх юм. Эдгээрээс өнгөрсөн хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, инженерийн хангамжийн зураг төсөл нь хийгдэж дууссан, зарим шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн.

Мөн ерөнхий төлөвлөгөөнд түүхий эд боловсруулах, түлш эрчим хүч, уул уурхай, барилгын материалын болон хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжих 15 дагуул хаяа хот тосгодтой байхаар тусгагдсаны дагуу 8 дагуул хаяа хот тосгодын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь хийгдэж батлагдсан.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд, барилгын материалын болон хөнгөн үйлдвэрүүд, зарим их дээд сургуулиудыг хотоос гаргаснаар төвлөрөлийг сааруулах төдийгүй ажилгүйдэл ядуурал, байгаль орчны доройтол, автозамын түгжрэл зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдэх болно

Нийслэлийн Засаг даргаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай  А/17 дугаар захирамж гарган эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад тохиолдолд хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 хүртэл хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэсэн нь хотын хүн амын механик өсөлтийг тодорхой хэмжээнд бууруулсан үр дүнтэй арга хэмжээ болсон. Энэ захиргааны шийдвэр нь хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосноор ялангуяа гэр хорооллын тэлэлтийг хязгаарлаж өгсөн, нөгөө талаас Нийслэлийн Засаг даргын А/917 дугаар захирамжаар хотын дагуул, хаяа хот, тосгодын хил заагийг тогтоож, төлөвлөлтүүдийг хийснээр хот тэлэн хөгжих чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, суурьшилт гээд олон асуудлууд шийдвэрлэгдэх болно.

Энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажил?

Дээр хэлсэнчлэн энэ онд хийгдэх томоохон ажлуудын нэг бол Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлах ажил юм. Бидний тодорхойлсон концепц нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу хот байгуулалтын баримт бичгийн гол үндэслэл болно.