Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын дагуу боловсруулагдсан “Багануур үйлдвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г Хот байгуулалт, Хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд өргөн барьж хэлэлцүүллээ.
Багануур үйлдвэрлэл технологийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийн дагуу нийт 414 га талбайд хүнд үйлдвэрийн бүс, хөнгөн үйлдвэрийн бүс, ургамал нано био үйлдвэрийн бүс, хүнсний үйлдвэрийн бүсүүдтэй байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.
Багануур үйлдвэрлэл технологийн паркийн тэргүүлэх чиглэлийн үйлдвэрээр нүүрс хийн түлшний үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, хөрс шороо баяжуулах үйлдвэр, гумины бордооны үйлдвэр, адуу брэнд зэрэг 22 үйлдвэрийг байгуулах бөгөөд нийт 5700 ажлын байр шинээр бий болохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлог тэмдэглээд паркийн дэд бүтцийн ажлын зураг төслийг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх Багануур үйлдвэрлэл технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав.