Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүллээ. Энэхүү системийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ЗГХЭГ-ын Дэд дарга У.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцож нээлтийн хонхыг цохисон юм.
Төрийн үйлчилгээг цахим шилжилтэд үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд мэдээлэл дамжуулах шинэ технологи бүхий цогц системын ажлын хүрээнд хэрэгжүүлсэн системийг олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар мэдээлэл өгсөн юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Бидний хийсэн, хийх гэж зорьсон ажлын эхний алхмууд үр дүнд хүрч зорилго биелсэнд баяртай байна.
Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг хэрхэн цахимжуулах, иргэдэд ойлгомжтой, илүү ил тод нээлттэй болгох тал дээр ажилласан. Төрийн байгууллагаас иргэдэд хүрэх үйлчилгээг хэрхэн илүү тодорхой, хялбар болгох талаар хийсэн ажлаа тайлагнаж байгаад баяртай байна. дэлхий нийтээр дижитал хувьсгалын үр дүнд хүмүүс аливаа үйлчилгээг хялбараар авах тал дээр анхаарлаа хандуулсан. Улаанбаатар хот дэлхийн мегаполис 400 хотуудын нэг. Тиймээс бид дэлхийн нийтийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Бидний тавьж буй зорилт бол энэ чиг хандалгаас хоцрохгүй хамт явах ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн. Төрийн байгууллагад очоод лавлагаа авах гэхэд иргэний үнэмлэхний хуулбар авчрахыг шаарддаг байсан бол 2016 оны 9 сард аливаа байгууллага иргэний үнэмлэх байгаа тохиолдолд түүнийг нотариатаар батлуулж авахгүй гэдгийг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудад анх удаа нийслэл халж чадсан. Үүнээс бидний цахим шилжилтийн ажил эхэлсэн гэж хэлж болно. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадна хонож дугаарладаг байсан. Хэдийгээр учир дутагдалтай зүйл их байгаа боловч энэ асуудлыг шийдвэрлэж тохирох программыг 15 хоногт шийдвэрлэн иргэдэд тараасан. 2016 оны 8 сард цэцэрлэгийн бүртгэл цахимжсан байгаа. Ингэснээр зөвхөн 2 настай хүүхэд биш 5 хүртэлх насны бүх хүүхдүүдээ цахимаар бүртгэж чадсан. Мөн нийтийн тээврээр зорчих төлбөрийн хэрэгслийг бүрэн цахимжуулж картанд шилжсэн. Үүнийг илүү боловсронгуй болгож хувийн хэвшилтэй хамтран ажиллах хэрэгтэй байна” гэж ярилаа.
Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал сайт ажиллаж эхэлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээ ийнхүү цахимд шилжиж байгаа юм. https://eservice.ulaanbaatar.mn нэгдсэн портал нь иргэд аж ахуй нэгжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүрч үйлчлэх зорилготой. Төрийн үйлчилгээний мэдээлэл авах, цахим үйлчилгээний хүсэлт гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж байгаа юм. Энэ систем нь төрийн үйлчилгээг аль нэг цэг дээр биечлэн очихгүй цахимаар үйлчлүүлэх, төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй, үйлчилгээ үзүүлсэн ажилтанд үнэлэлт өгөх боломжтойгоос гадна үйлчилгээний шийдвэрлэлтэд хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг олон давуу талтай юм.
Еservice порталаас үзүүлэх 47 төрлийн үйлчилгээнд дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.
УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/
Архивын лавлагаа /18 үйлчилгээ/
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/
Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/
Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1үйлчилгээ/
Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/
Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/
Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/
Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/
Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/
eservice.ulaanbaatar.mn порталын анхны хэрэглэгч нь Хуурай мухар зусланд амьдардаг иргэн С.Төмөр-Очир боллоо. Тэрээр нийслэлийн Байгаль орчны газрын цахимаар худгийн зөвшөөрөл олгох үйлчилгээнд 10 минут зарцуулжээ. Тус үйлчилгээг авахаар жилд тус газарт 1300 гаруй иргэн хүсэлт гаргадаг бөгөөд ийнхүү тус үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнд иргэд талархалтай хандаж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд нийт 500 орчим нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ онд 5 байгууллагын 47 үйлчилгээ ийнхүү цахим хэлбэрт шилжиж, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталд орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.