Амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл экспо төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын 2 давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байруудыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн шинээр барилгажуулах шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж 2018 онд тус барилгуудыг буулган 360 айлын 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 4 удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.