“Мэдээллийн цаг” арга хэмжээг Хот төлөвлөлтийн хэлтэс өнөөдөр буюу /2019.11.21/-ний өдөр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Энэ удаад“Амар Даатгал” ххк-ийн Харилцагчийн үйлчилгээний менежер Г.Энхжин, Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг нар сургалт, ярилцлага зохион байгууллаа.
Сургалтын эхэнд “Амар Даатгал” ххк-ийн Харилцагчийн үйлчилгээний менежер Г.Энхжин: Даатгал гэж юу вэ?
Хүн төрөлхтөн үүсч хөгжсөн цагаас хойш нийгмийн бүхий л тогтолцоонд байгалийн гамшиг,гэнэтийн осол, гал түймэр, халдлага, дээрэм зэрэг хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулах хүчин зүйлүүд тулгарсаар ирсэн. Үүнийг эрсдэл гэж нэрлэдэг ба Эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээх эх үүсвэртэй байх сонирхолтой байдаг бөгөөд үүн дээр тулгуурлан даатгал үүссэн гэж үздэг зэрэг даатгалтай холбоотой мэдээллийг албан хаагчдад өглөө.
Түүнчлэн Ажилтны сэтгэл зүй болоод хэрхэн сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажилтан болох талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг:
Насанд хүрсэн хүн амьдралынхаа нийт цагийн гуравны нэгийг ажлын байран дээрээ өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Тиймээс хэн нэгэн ажилтны сэтгэл зүй эргээд нийгэмд, гэр бүлдээ ямар байдал гаргах вэ гэдгийг шийддэг. Ажил дээрээ сэтгэл ханамжтай байгаа хүн амьдралдаа ч тийм байх боломжтой. Монголчуудын маш их стресстдэг зүйлийн нэг нь байран дээр байгаа стрессээ гаргахад төвөгтэй байдаг явдал юм. Гэтэл ажилтан маш олон төрлийн асуудлаас болоод ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байдаг. Энэ нь эргээд ажилд нь сөргөөр нөлөөлдөг. Хүн ажилдаа удаан хугацаагаар сэтгэл ханамжгүй явснаар ажлаас халшрах хам шинжтэй болдог. Ажилтан гурваас дээш сар халшрах мэдрэмжтэй яваад байвал ажлын бүтээмж гарахгүй. Сэтгэл ханамжгүй байх хугацаанд ямар нэг үйлдэл хийхгүй бол хамтран ажиллагсдад нь хор хөнөөл учруулж эхэлдэг. Тухайлбал, ажил дээрээ байнга тавгүй байх, ажлаа муулах эсвэл байгууллага дунд фракц үүсгэж болно. Мөн ажилдаа бус бусад зүйлд анхаарлаа хандуулж эхэлдэг.
Үүнээс гадна ямар хүнийг аз жаргалтай ажилтан гэж хэлдэг вэ гэхээр өглөө ажилдаа яваад ажлаасаа гэр лүүгээ жаргалтай харьдаг хүнийг хэлдэг. Тиймээс сэтгэл ханамжтай, бүтээмжтэй ажилтан болохын тулд өөрийн хийх сонирхолтой зүйлээрээ ажилла. Хамгийн гол нь хүн байгаа газраа өөрийгөө дайчилж, сурсан зүйлээ үр бүтээлтэйгээр 100 хувь гаргаж ажиллавал үр дүн нь шагнал байх болно хэмээн илтгэл тавьлаа.