Бидний хот 380 жил /Өргөө 1639-1691/

1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хот байгуулагджээ. Өргөө нь Монголчуудыг шашны тугийн дор нэгтгэх зорилго бүхий шашны төв байсан бөгөөд Монголын уламжлалт хүрээний зохион байгуулалтаар байгуулагдсан. Тухай үед Өндөр гэгээн хутагтын хөрөнгийг хадгалах, хүнс бэлтгэх, бурхан тахилыг засах зэрэг аж ахуйн үүрэг бүхий анхны долоон аймгийг байгуулж, Өргөөнийхөө баруун талд Эрдэнэ зуугийн хэрмэн хашаанд байсан Абтай сайн ханы Бат-Өлзий хэмээх их гэрийг барьж, Монголын нүүдлийн ахуй байдалд зохицсон гэр, сүм бүхий өвөрмөц шар бөсийн ордыг байгуулсан нь Монголын хот байгуулалтын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.