Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнгээс Өргөө, Их Хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан тэртээх он жилүүдийн хүрээ хотын байдал, оршин суугчдын нь ахуй төрх, ажил хөдөлмөр, арилжаа наймаа гээд нүүдлийн амьдралаас суурьшмал соёл иргэншилд шилжиж бодит түүх, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласан 1924 оноос хойшхи их бүтээн байгуулалтын он жилүүдийн ололт амжилтыг эргэн нэг дурсах болно” хэмээсэн юм.
Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд нийслэл Улаанбаатар хотын Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ хэмээн нэрлэгдэж байсан гурван цагийн хэлхээсийг харуулахыг зорьлоо. Үзэсгэлэн энэ сарын 29-ныг дуустал 10:00-18:00 цагийн хооронд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.