Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ, инженер Б.Ардабек, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал нар барилга байгууламжийг паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан, ашиглагдаж байгаа нийтийн зориулалттай орон сууцны 1413, төрийн өмчийн олон нийт иргэний 524, нийт 1937 барилга байгууламжид үзлэг, тооллого явуулж, эдгээрээс нийт 658 барилгын хийц бүтээцийн бат бэхийн сорил туршилт, судалгаагаар тогтоож, мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулсан байна.
Үүнээс газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэл, бэхэлгээ хийх 93, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилгын дүгнэлтийг гаргаж Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлснээс 234 барилгад ашиглалтыг хориглосон шийдвэр гаргуулсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас баталгаажуулсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 234 орон сууцанд амьдарч байгаа иргэдээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу дахин барилгажуулах төслийг дэмжих эсэх талаарх зөвшөөрлийг авахад одоогийн байдлаар 162 орон сууцны иргэд дэмжсэн.
Оршин суугчдын хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 13 удаагийн захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 162 орон сууцны төсөлд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг зарласнаар нийт 24 багцын 64 барилгын төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт 27 орон сууцыг буулган 875 айлын 9 орон сууцыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн байршилд шинээр орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэс 2019 он гарснаас хойш нийт 36 барилгад биет хэмжилт, судалгаа хийж баталгаажуулсан бөгөөд одоо 40 барилгын судалгаа, шинжилгээ, боловсруулалтын ажил хийгдэж байна.