Өнөөдөр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус IV хуралдаанаар хэлэлцүүллээ. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчмын бүсэд гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг танилцуулсан бол хурал дахь АН-ын бүлгээс “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт” байна гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргалаа. НИТХ дахь намын бүлгүүд, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дүгнэлт болон Төлөөлөгчдөөс гаргасан санал, зөвлөмжийг тусган Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Их хуралд өргөн барих ажлыг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болголоо.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онуудад 6 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад Нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна.
Тус ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Үзэл баримтлал /концепц/”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн 3 үе шаттай боловсруулж байгаа бөгөөд 2017-2018 онд эхний үе шат болох “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа” хийгдсэн. 2019 онд хоёр дахь үе шат болох Үзэл баримтлал /концепц/-ыг эхлүүлсэн бөгөөд Улаанбаатар хот цаашдаа ямар үзэл баримтлалтай хөгжих вэ? гэдгийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах нээлттэй уралдааныг зохион байгуулсан.
Уралдаанд ирүүлсэн шилдэг, шинэлэг санаануудад үндэслэн үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулж Мэргэжлийн зөвлөлийн хурал, Монголын Архитекторуудын Эвлэлийн хуралдаанаар хэлэлцүүлэн санал, зөвлөмж авсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 хурлаар тус тус хэлэлцүүлж дэмжигдсэн. Засгийн газраас тус үзэл баримтлалын дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулахыг даалгасан.
Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын даалгавар”-ыг боловсруулан Засгийн газрын яамд, Нийслэлийн харьяа байгууллагуудаас санал авч, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нараар хамтран батлуулсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/860, А/1201 дугаар захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-тай байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийг боловсруулж Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 2 удаагийн цахим хэлэлцүүлэг хийсэн төдийгүй Монгол Улсын Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, засаг захиргааны анхан шатны нэгж болох Дүүрэг, хороодоос санал авч зөвшилцөх хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж тэдний санал, зөвлөмжийг авсан.
Мөн “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох сарын хугацаанд иргэд, олон нийтээс https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube, телевиз, сайтын мэдээ, ярилцлага, Засгийн газрын яамд, Нийслэл түүний харьяа байгууллагын сайт, пэйж зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан санал авах үйл ажиллагааг зохион байгуулж 32,230 иргэдээс санал авсан. Дээрх ажлыг 2021 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их хурлаар хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.