Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн концепц боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудад өргөмжлөл, батламжийн хамт гардуулан өглөө.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл, олон нийтээс санал авсан байдал зэргийг харгалзан үзсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтаар дамжуулан иргэд олон нийтээс нийт 24295 санал ирсэн байна.
Уралдааныг шалгаруулах комиссын нийлбэр дүнгээр 84.6 оноогоо “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байрт шалгарсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангана гэдгийг онцолсон юм.