Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын А/689 дүгээр захирамж гарлаа.
Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөх сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгосон байна.
Мөн холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярт, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус үүрэг болгосон байна.