Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс Налайх дүүрэгт ажиллаж Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа. Тус дүүргийн 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэл 1.7 км авто замын шинэчлэлийн ажлын явцыг үзэж, зам дагуу хийгдэж буй дугуйн зам, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлыг чанар стандартын дагуу хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгөв.
Налайх дүүрэгт энэ жил Улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд 100 болон 150 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Мөн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга энэ жил үлдэгдэл санхүүжилт шийдэгдэж, арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орно. Налайх-Чойрын 20.9 км авто замын ажлууд эрчимтэй явж байна. 17, 18 дугаар гудамжны хучилтын ажил удахгүй эхэлнэ. Бөмбөрцөгтэй уулзвараас Нарангийн төмөр замын гарам хүртэлх 4.4 км замын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.
Мөн үеэр Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцлаа. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгаа юм байна. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.