Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн, бүрэлдэхүүн батлах тухай” А/609 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, барилгажилт, газрын эрхийн асуудал шийдвэрлэж санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамтарсан “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл” байгуулагдаж Мэргэжлийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталлаа.
Энэхүү хамтарсан Мэргэжлийн зөвлөл нь өнөөдөр анхны хурлаа хийж газар, барилгатай холбоотой иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэж байна.
Мэргэжлийн зөвлөлийн газрын асуудал хэлэлцэх хурлаар тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтын газрын зориулалт болон талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, газар эзэмших, ашиглах, эрхийг баталгаажуулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх бол,
Барилгажилтын асуудал хэлэлцэх хурлаар барилгажилтын төсөл боловсруулах зургийн даалгавар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, дахин хөгжүүлэх төсөл, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, тохижилтын ажил, иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын газарт баригдах барилгын асуудлыг тус тус хэлэлцэх юм.