Хот байгуулалт, хөгжлийн газраас санаачлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Түгжрэлгүй гудамж- Бухимдалгүй хот” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулж байна.
Тус журмын хэрэгжилтийн бэлтгэлийг хангаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамж гарсан.
Захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, орц, гарцыг нээх арга хэмжээ авч ажиллах талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Эхний ээлжинд Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргана.
Тус судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногийн хугацаанд буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлнэ.
Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэхээр захирамжлагдсан.