-ИРГЭН Б.БАТДЭЛГЭР ӨӨРӨӨ БАРИЛГЫН АЖЛААС АЛБАН БИЧГЭЭР ТАТГАЛЗСАН ГЭВ-
Энэ сарын 16-наас эхлэн “Бүрэн цутгамал ХХК”-ий ерөнхий захирал иргэн Б.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид сурвалжлан хүргэсэн билээ. Тэрээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нарыг огцрох шаардлага тавьж байгаа юм.
Иргэн Б.Батдэлгэр дээрх албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, “Сант” сургуулийн өргөтгөлийн ажлыг хууль бусаар хүлээж авсан зэргээр мэдээлсэн билээ. Харин нийслэлээс иргэн Б.Батдэлгэрийг өөрийн хүсэлтээр “Сант” сургуулийн барилгын ажлаас татгалзсан, түүнийг шүүхээр тус сургуульд нөхөн төлбөр олгох ёстой байтал ийнхүү албан тушаалтан буруутай мэтээр буруу ойлголт төрүүлж байна хэмээн мэдээлэв.
Бид энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хуулийн хэлтсийн дарга Э.Даваанямаас тодрууллаа.
-Иргэн Б.Батдэлгэр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд нийслэлийн удирдлага болон даргыг үүрэгт ажлаа өгтөл өлсгөлөн зарлаад байна. Та бүхэн энэ хүнтэй уулзсан уу?
-Уулзсан. Манайхаас тухайн иргэний биеийн байдалд санаа зовж байгаа. Мөн энэ асуудал хэзээ ямар замаар шийдэгдэж яагаад энэ хүн өлсгөлөн зарласан талаар бидний зүгээс судалсан. Нийслэлийн удирдлагууд болон манай байгууллага энэ асуудалд хамааралгүй нь шүүхээр хүртэл тогтоогдоод албан бичгээр удаа дараа хариу өгсөн. Гэтэл энэ хүн биднийг буруутгаад байгаа юм.
-“Сант” сургуулийн барилгын ажлыг 80 хувьтай хийж байхад хууль бусаар гэрээгээ зөрчиж, “Голомт констракшн”-д өгсний дараа танайхаас хүлээж авсан гээд байгаа шүү дээ?
-Ер нь захиалагч, гүйцэтгэгч хоёрын хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ иргэний хуулийн дагуу явж байгаа. Гэрээгээ ямар үндэслэлээр хэрхэн цуцлах нь захилагч болон гүйцэтгэгч нарын хоорондын гэрээгээр зохицуулагдаад явна. Анх гэрээгээ байгуулахдаа юу гэж тохирсон нь тэр хоёрын асуудал. Харин анхнаасаа гэрээг ямар тохиолдолд цуцлах вэ, гэрээ цуцлахдаа хэрхэн яаж зохицуулалт хийх вэ гэдэг талуудын хариуцлага юм. Энэ гэрээнд Нийслэл огт оролцоогүй. Хуулиараа оролцох ч үүрэг, эрх байхгүй. 2013 онд “Бүрэн цутгамал ХХК”-ий захирал, иргэн Б.Батдэлгэр албан бичгээр “Сант” сургуульд энэхүү барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гээд өгсөн байсан. Би өөрөө бүх бичиг баримттай танилцсан. Ингэхдээ захиалагч талаас төлбөр мөнгөө хийхгүй гэсэн үндэслэлээр гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байсан. Тэгэхээр “Сант” сургууль өөрөө захиалагч “Бүрэн цутгамал” гүйцэтгэгч нь байгаа юм. Харин гүйцэтгэгч гэрээний дагуу ажлаа хийгээгүй болохоор захиалагч мөнгөө өгөхгүйд хүрсэн. Санхүүжилт зогссоноор асуудал үүсэж, “Бүрэн цутгамал” мөнгөө өгөхгүй байгаа тул цаашид гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гээд больсон. Мөн Эрчим хүчний яамны шалгалтын хэсэг “Сант” сургуулийн цахилгаанд хийгдсэн байдалд шалгалт хийсэн байгаа юм. Гэтэл цахилгааны монтажинд хийх ёстой байсан утас болон зарим гүйцэтгэл хийх ёстой хэмжээнээсээ бага, чанарын шаардлага хангахгүй, хамгаалалтгүй гээд улсын байцаагчийн дүгнэлт гарсан юм билээ. Харин “Сант” сургууль шалгалтаар ийм төрлийн зөрчил илэрсэн учраас цаашид хамтрах боломжгүй гэсэн байгаа юм. Ингээд иргэн Б.Батдэлгэр өөрөө “Сант” сургуулийг шүүхэд өгч эхэлсэн. Үүний дагуу 2015 арван сарын 21-ний өдөр захирамж гарсан. Гэтэл “Сант” сургууль иргэн Б.Батдэлгэрийг чанаргүй барилга барьсан хэмээн цагдаад өгч шалгуулсан. Цагдаа шалгаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл шүүхээс Б.Батдэлгэр өөрөө нэхэмжлэлээ татан авсан байдаг.
-МАНАЙХЫГ УДАА ДАРАА БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛСАН-
-Танайхыг хууль зөрчсөн хэмээн өлсгөлөн зарласны учир юунд байна вэ?
-Төрийн байгууллага хувийн байгууллагуудын хийсэн хоорондын гэрээнд ямар ч хамаагүй ажилладаг. Манай байгууллагатай хамааралтай асуудал нь улсын комисс ажилласан. Харин комиссыг буруу, хууль бус ажилласан гэж байгаа. Манайхаас 2016 оны найман сарын 26-ны өдөр улсын комисс ажиллаж, дүгнэлтээ гаргасан. Харин улсын комиссыг Б.Батдэлгэр шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Т.Эрдэнэтуяагаар ахлуулсан албан хаагчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, бусдаас хээл хахууль авсан болох үндэслэл тогтоогдохгүй байна гээд хэргийг хаасан.
Манай байгууллагаас гарсан улсын комисс энэ үүсээд байгаа асуудалд хөндлөнгөөс хамаарагүй, үүрэгт ажлаа журмын дагуу хийсэн байгаа юм. Энэ нь албан ёсны байгууллагын бичгээр нотолгоожиж байгаа. Манайхтай холбоотой дараагийн асуудал юу вэ? гэхээр иргэн Б.Батдэлгэр улсын комиссын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч хэмээн Захиргааны шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу анхан шатны хурлаар энэ нэг сарын 2-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, таны эрх ашгийг хөндөөгүй байна, таны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэхүү шийдвэрийг буруу байна гээд, давж заалдах шатны шүүхэд дахин гомдол гаргасан. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэх гомдлыг хангахгүй, энэ тогтоол эцсийн шийдвэр байна гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийн хоёр шатны шүүхэд гаргасан гомдлыг авч хэлэлцээд “Та улсын комисстой маргах хуулийн этгээд биш байна, нэхэмжлэлийг хүлээн авахгүй гээд шийдсэн. Мөн таны эрх, ашиг хөндөгдөөгүй байна гээд, хоёр шатны шүүхээр шийдсэн. Хоёр шатны шүүхээс манайхыг журмын дагуу ажилласан байна гэсэн шийдвэр гарсан ч иргэн Б.Батдэлгэр өлсгөлөн зарласан.
-Энэ хүн дээр гурван удаа эрүүгийн хэрэг үүсээд эцэст нь хэрэгсэхгүй болсон гэж байсан?
-Тэрийг манайх мэдэхгүй. “Сант” сургуулийн сөрөг нэхэмжлэлийн дагуу эрүү үүссэн хэрэг.
-Б.Батдэлгэр манай “Бүрэн цутгамал” ХХК-ийг ажлаа 80 хувьтай гүйцэтгэж байх явцад гэрээгээ цуцлаад, “Голомт констракшн” үргэлжлүүлээд манай бичиг баримт дээр барилгаа хүлээлгэж өгсөн гээд байгаа. Энэ дээр та тайлбар хийхгүй юу?
-Барилгын тухай хууль болон Засгийн газраас гаргасан тогтоол байдаг. Үүнд барилгыг ашиглалтанд оруулах дүрэмд зааснаар ашиглалтанд оруулах хүсэлтийг захиалагч өгнө гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл “Сант” сургуулийн барилгыг ашиглалтанд оруулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу бид ажилласан. Харин захиалагч гүйцэтгэгчээ хэдэн удаа ч сольсон байсан гэрээний дагуу байвал манайд хамаагүй асуудал. “Голомт констракшн”, “Сант” сургуулийн барилгын ажил хийж байх явцын хяналтыг хийж байсан юм билээ. Харин “Бүрэн цутгамал” гэрээгээ цуцлангуут үргэлжлүүлээд барилгын ажлыг хариуцаж хийсэн байгаа юм. Харин иргэн Б.Батдэлгэр “Миний хийсэн бичиг баримтаар намайг оролцуулахгүй улсын комисс ажиллалаа” гээд байгаа юм. Ер нь “Сант” сургууль бичиг баримтаа бүрдүүлээд, улсын комисс ажиллаад дүгнэлтээ гаргах л үүрэгтэй. Бичиг баримтын дагуу, стандартын дагуу баригдсан эсэхийг комисс шалгана. Манайхаас гарсан улсын комисс улсаас гаргаж өгсөн бичиг баримтын дагуу барилгын ажлаа хийсэн байна уу гэдгийг л шалгана. Тэрнээс хэнээр хэдэн төгрөгөөр, хэдэн компаниар хийлгэсэн гэдгийг шалгахгүй гэсэн үг.
-Танайд “Бүрэн цутгамал ХХК” болон “Голомт констракшн” хоёр хэдэн хувьтай гүйцэтгэсэн нь хамаагүй гэсэн үг үү?
-Тийм. Барилгыг хийж байх явцад захилагч тал буюу “Сант” сургууль хэдэн ч гүйцэтгэгч сольж хамтарсан байж болно. Хамтарч олон компани хийсэн ч байж болно шүү дээ. Харин захиалагч тэрийг хэнээр яаж хийлгэхээ гэрээний дагуу л шийднэ. Бидний зүгээс захиалагчийн хүсэлтээр барилга хүлээж авсан. Гүйцэтгэгч нарын зүгээс хийсэн ажлынхаа бичиг баримт хөтлөлтийг захиалагчид өгөх үүрэгтэй. Бид улсын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн дагуу хийсэн эсэхэд л дүгнэлт үйлдэнэ. Үүнээс өөр асуудалд улсын байгууллага оролцохгүй.
-“САНТ” СУРГУУЛИАС МӨНГӨӨ АВАХ ГЭЖ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН-
-Одоогоор иргэн Б.Батдэлгэр “Сант” сургуулиас мөнгөө нэхэж өлсгөлөн зарлаад байгаа гэсэн үг үү?
-Энэ асуудал л дамжраад энэ хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаад өгнө, удалгүй өөрөө нэхэмжлэлээ татаад л авсан байдаг. Нэр бүхий албан тушаалтныг огцор хэмээн жагсаж байгаа нь төрийн албан хаагчийн нэр төрд санаатайгаар халдаж байгаа хэрэг болж байгаа. Энэ нь өөрөө Зөрчлийн тухай хуулиараа зохицуулагдсан асуудал.
-Иргэн Б.Батдэлгэр С.Батболд болон Э.Анар нарт олон удаа хүсэлт гаргасан хариу өгөөгүй гэж байсан?
-Улсын комиссын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэж шүүхэд хандсан. Харин шүүхээс өөрт чинь хамааралгүй, таны эрх зөрчигдөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл энэ асуудлаар л дахин манай газарт зургаан удаа хандаад байгаа хэрэг. Манайхаас гомдлын дагуу удаа дараа бичиг өгсөн байдаг. Манайхаас иргэн Б.Батдэлгэрт хариу илгээсэн нь баримттай байна. Хуулийн байгууллагаас гаргасан бүх шийдвэр болгон өөрт нь таалагдахгүй байвал худлаа гээд байгаа. Бүх шатны байгууллага ганцхан түүний эсрэг ажиллаад байна гэж байхгүй шүү дээ. Энэ хүн АТГ, шүүх, прокурор, нийслэл гээд эрх бүхий бүх газарт хандаад, шийдвэр болгоныг нь л буруу байна гээд өлсгөлөн зарлаад, хүний нэр төрд халдаад сууж байна шүү дээ. Ингэж хүний нэр төрд хамаагүй халдаж болохгүй. Бид тангараг өргөсөн төрийн албан хаагчид. Бид жилд олон зуун барилга хүлээж авч байна. Нэг ч удаа ийм гомдол гарч байгаагүй. Яагаад гэвэл улсын комисс ажиллаад, дүгнэлтээ гаргадаг. Бүх шатны байгууллагыг АТГ-д өгч шалгуулсан. Дор бүрт нь хариу гараад албан бичиг өгөөд явсан. Тэр хүн өлсгөлөн зарлаж байгаа учраас, бас танайхыг асууж байгаа учраас тайлбар хийлээ. Энэ хүн “Сант”-аас мөнгөө авах гэж л өлсгөлөн зарлаж байна гэж манайхаас ойлгож байна. Манайхыг энэ хүн гэмт хэргийн бүлэглэлийн зарчмаар ажиллаж байна гээд байгаа. Тэгж ажиллаагүй гэдгийг АТГ болон шүүх, прокурор удаа дараа олон удаа түүний хүсэлтийн дагуу манайхыг шалгаад өөрсдийн дүгнэлтээ үндэслэлгүй гээд хаасан байгаа юм. Гэтэл энэ хүн хуулийн байгууллага болгоныг буруу дүгнэлт гаргасан мэтээр мэдээлэл өгөөд байгаа юм. Энэ асуудлыг л Б.Батдэлгэр улс төржүүлж албан тушаалтан руу чиглүүлж, өлсгөлөн зарлаад байна.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАЯР