Хот суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, орлогод нийцсэн орон сууц төслүүдийн хэрэгжүүлж буй өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээг төр хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэлэлцэх зорилгоор “Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдаж Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ, “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК зэрэг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд оролцлоо.
Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д. Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар нээлтийн үйл ажиллагаанд оролцон илтгэл тавьж “Төрөөс баримтлах бодлого, чиглэл ба Орхон аймаг дахь хэрэгжилт”, “Дахин төлөвлөлтийн ололт, амжилт”, “Дэвшилтэт технологи, шинэлэг шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр Дахин төлөвлөлтийн ололт, амжилт сэдэвт хэлэлцүүлэгт оролцон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих төслийн талаар танилцуулга хийсэн бөгөөд 2020, 2021 онд ашиглалтын шаардлага хангахгүй 21 барилгыг буулгаж төсөл хэрэгжүүлснээр 630 айлыг эрүүл аюулгүй, тохь тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүлсэн тухай онцолж хэллээ.