“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ /КОНЦЕПЦ/”-ЫГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ ДЭМЖИГДЛЭЭ

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ гэсэн 3 үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат болох “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-ыг 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн. Тус “Үнэлгээ, дүгнэлт”-ээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын хэрэгжилтийг 29.6 % гэж дүгнэж хэрэгжилтэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзжээ. Үүнд:

  • Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй;
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө хугацаа хоцорч батлагдсан;
  • Салбарын мастер төлөвлөгөө бүрэн боловсруулагдаагүй;
  • Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх тогтолцоо бүрдээгүй;
  • Ерөнхий төлөвлөгөөний хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг;
  • Улс төрийн нөлөөлөл

Мөн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал дээр суурилан цаашдын хөгжлийн алсын харааг тодорхойлсны үндсэн дээр нийгэм эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүдтэй нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ыг боловсруулах нь зүйтэй гэсэн зөвлөмж, дүгнэлтийг гаргасан байна.

            Хоёр дахь үе шат болох “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг боловсруулж мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны мэргэжлийн байгууллагуудын холбогдох шатны хурлуудаар хэлэлцүүлж санал зөвлөмж авч тусган, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулж ажилласан.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-аар ОРШИН СУУГЧДЫН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТААТАЙ ОРЧИНД АМЬДРАХ БҮРЭН ЭРХТЭЙ, БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ТЭРГҮҮНИЙ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН, ОЛОН УЛСАД БАЙР СУУРИА ЭЗЭЛСЭН ЭДИЙН ЗАСАГТАЙ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ, ИРГЭН ТӨВТЭЙ ХОТ болгон хөгжүүлэх зорилгыг дэвшүүлж дараах үндсэн зорилтуудыг тодорхойлсон. Үүнд:

  1. Тогтвортой хөгжилтэй хот;
  2. Идэвхтэй хот;
  3. Дасан зохицох чадвартай хот;
  4. Цогц, цомхон хот;
  5. Хүртээмжтэй хот;
  6. Хэмнэлттэй хот гэсэн зарчмууд болно.

2040 оны төсөөллөөр Нийслэлийн хүн ам 2.2 сая байх бөгөөд үүнээс 600 мянган хүн амыг Дагуул, хаяа хот, тосгодод суурьшуулна. Дагуул, хаяа хот, тосгодыг худалдаа, үйлчилгээ, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.

Улаанбаатар хот доторх төвлөрлийг задлах зорилгоор соёл, боловсрол, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий хотын шинэ төв, дэд төв, төрөлжсөн төв, олон нийтийн төвүүдийг шинээр байгуулж, тэдгээрийг холбосон хөгжлийн коридорыг бий болгоно.   

Эрэлтэд суурилсан /demand driven/ төлөвлөлтийг боловсруулж, санхүүжүүлэх боломжтой /bankable/ төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, Урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлэх үнэт цаас гаргах Хөрөнгө оруулалтын сан байгуулж, менежментийн тогтолцоог бүрдүүлэх, Татварын олон төрөл, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, Нийслэл хотын хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж хотын бие даасан эдийн засгийн бүтцийг бий болгоно.        

Мөн Улаанбаатар хотын суурьшлын хилийг дагуулан 50 метр өргөнтэй суурьшлыг хязгаарлах ногоон бүс байгуулах бөгөөд одоогийн байгалийн унаган төрхөөрөө байгаа газруудад болон төлөвлөлтийн дэд төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулж агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг томоохон зорилтууд тусгагдсан.  

Тус үзэл баримтлалыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулахыг Барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгов.

[googlepdf url=”http://uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/2040_UB_Tovch.pdf” width=”100%” height=”1000″]