Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж, Хот байгуулалт, хөгжлийн газрын бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгалаа. Тус үзлэгийг болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилгоор 3 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар нь гамшгийн үед орон гэргүй болсон иргэдийг түр орон байраар хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын 2022 оны A/59 дүгаар захирамжийн дагуу түр орон байраар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна. Гамшгийн үед түр орон байраар хангах албыг Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцаж, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Аялал жуулчлалын газар, Боловсролын газар зэрэг дөрвөн байгууллага хамтран ажилладаг. Гамшиг тохиолдсон үед иргэд нэн тэргүүнд түр цугларах талбайд цуглах ёстой. Үүний дараа түр хоргодох орон байраар хангах, иргэдийг гамшгийн эрсдэлээс авран хамгаалахад Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтарч, НЗДТГ-ын харьяа байгууллагууд өөрийн чиг үүргийн дагуу оролцдог” хэмээн онцлов.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Энэхүү бэлэн байдлын үзлэгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд хяналт, үзлэгийг хийнэ. Түүнчлэн ерөнхий боловсролын 34, 75 дугаар сургуульд түр орон байрны үзлэг хийж, бэлэн байдлын үзлэгийн дүнг гаргах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлтийн гамшиг болсон тохиолдолд цугларах 182 түр талбай байна. Эдгээр талбайг томилгоожуулснаас гадна түр орон байраар ашиглах боломжтой объектуудыг судалж байна. Аливаа гамшиг болоход арга хэмжээ авах мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллага бэлэн байдлаа хэрхэн хангаж байгааг шалган, тухайн үзлэгийг хийж байна” гэлээ.
Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсийн дарга Н.Тамир “Тус албаны гамшгийн төлөвлөгөө, албан хаагч бүрийн гамшгийн үед хэрэглэх үүргэвчинд байх ёстой 15 эд зүйлийг Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгаж байна. Түр орон байраар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал, зочид буудал зэрэг дөрвөн төрлийн 631 байгууламжийг сонгон авсан. Эдгээр барилгыг түр орон байрны стандарт, норм дүрэмтэй болсны дараа түр орон байрны тоог эцэслэн гаргаж, НИТХ-аар эсвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулдаг” хэмээв.