Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв болох Яармаг руу нүүлгэх хотын удирдлагын саналыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан. Хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилго бүхий уг төслийн концепц боловсруулах уралдаан зарлагдлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун өмнөд бүсэд хотын шинэ төвийг байгуулах ажлын хүрээнд “Нутгийн захиргааны цогцолбор”-ын концепц боловсруулах уралдаан энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл нэг үе шаттай явагдах юм байна.
Мөн нийслэл хотод шинээр баригдах цэнгэлдэх хүрээлэнгийн концепц шалгаруулах уралдаан зарлагдаж байгаа юм. “Улаанбаатар хотод 35000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн цогцолбор”-ын концепц шалгаруулах уралдаан нь энэ сарын 21-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл хугацаанд зарлагджээ.
Дээрх хоёр уралдаанд мэргэжлийн сургуулийн оюутнууд болон сургуулиа төгсөөд 5 хүртэл жил ажиллаж буй залуу архитектор оролцох боломжтой аж. Уралдаан тус бүрээр шилдгүүдийг шалгаруулж гурван байр эзлүүлж, 1-3 сая төгрөгийн шагнал олгох юм байна.