Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай жишиг суурьшлын бүс бий болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/334 дүгээр захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн-Үүд” жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг 252 га талбайд боловсруулаад байна.
Төслийн хүрээнд 4725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин суух бөгөөд 1,840 хүүхдийн 2 сургууль, 1,510 хүүхдийн 8 цэцэрлэг, 100 ортой эмнэлэг байгуулж нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангагдана.
Эхний ээлжид 9.98 га талбайд 184 өрхийн 626 хүн ам бүхий 168 таун хаус, 16 амины орон сууц, 2.9 км авто зам, 1.3 км дугуйн зам, 1.59 га ногоон байгууламжийн бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтыг “Нийслэлийн Орон сууцны корпораци” хариуцан ажиллана.
Тус асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа.