Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит VIII хуралдаанд “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” асуудлыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 210 га талбайг хамарсан Орон сууцны 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг анх 2003 онд боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 66 дугаар тогтоолоор баталсан бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан. Одоогийн байдлаар тухайн нутаг дэвсгэрт 7,817 өрхийн 30,476 хүн оршин сууж байгаагаас 70 хувь нь орон сууц, 30 хувь гэр хороололд амьдарч байна.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/768 дугаар захирамжаар боловсруулагдсан “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын төлөвлөлтийн хязгаарт хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн төслүүдийн одоо баригдсан барилга, барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан, бүтээн байгуулалт хийгдэж байгаа орон сууцны хүчин чадлыг төлөвлөлтөд тусгасан бол дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр батламж авсан ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй орон сууцны хүчин чадлыг инженерийн дэд бүтцийн хүртээмж, хүн амын нягтралтай уялдуулан 25,293 өрхийн 91,055 хүн амтай байхаар бууруулж тооцсон бөгөөд төлөвлөлтийн хугацаанд 11,059 хүүхдийн сургууль, 6,939 хүүхдийн цэцэрлэг, 19,346 өрхийн орон сууц, 41.1га талбайд тохижилт ногоон байгууламж, 12.3 км авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр тусгагдсан.
Нэгж хорооллын зарим онцлог үйл ажиллагааг сайжруулах, байршлын давуу талыг хөгжүүлэх, мэдээлэл технологи, шинэ технологийг нутагшуулах туршилт судалгааны төв, ухаалаг бүсийг байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Мөн Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах ажлын хүрээнд “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг боловсруулах явцдаа төлөвлөлтийн нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа 400 өрх, 101 бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжээс тухайн дүүрэг, хорооны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүрэлцээ хангаж, тулгамдаж буй асуудлууд, хот төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөлтөд тусгуулах саналын талаар судалгаа авч иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажилласан.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар төлөвлөлтийн дагуу хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах, авто замын ашиглалт, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.