Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2021.04.05-ны өдөр иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга болон холбогдох албаны хүмүүсийг байлцуулан ХУД-н 2-р хорооны нутаг дэвсгэрт хуучин нэхмэлийн шар байрнуудын дунд байрлах газарт “Марта Грийн” ХХК үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар газар шорооны ажил эхэлсэн зөвшөөрлийг одоогийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох хууль, дүрэм журмын дагуу цуцлах үүрэг өгсөн.
Тус байршилд тохижилт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтийг оршин суугчдаас ирүүлсний дагуу төсөл боловсруулж, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгч “Нутгийн буян групп” ХХК, “Эм Эм Жи Капитал” ХХК, “Асиан сити” ХХК-ийн төлөөлөлтэй 2021.04.09-ний өдөр уулзалтыг зохион байгуулж, төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажлыг гүйцэтгэж, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо.