Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ээс 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэглэсэнтэй холбогдуулан зохистой хэрэглээнд уриалж, та бүхэндээ цахилгаан эрчим хүч хэмнэх хялбархан 5 аргыг хүргэе.
1.Хэрэглээгүй үедээ унтраах
Хэрэглээгүй үедээ гэрлээ унтрааж хэвшээрэй. Нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орохдоо гэрлээ унтрааж байх нь танд ашигтай. Хэрэглээгүй үедээ гэрлээ дарж, зурагтаа унтрааж сурвал бодит үр дүн мэдрэгдэх бөгөөд ингэж сурахгүй бол дулаан мэдрэгчтэй гэрэл суурилуулаарай. Ийм гэрэл таныг өрөөнд орж ирэхэд асаж, өрөөнөөс гарахад унтарна. Ингээд гэрлээ унтраахаа мартах асуудал үүсэхгүй.
2. Залгуурыг салгах
Хүмүүс өглөө гараад орой ирэхийн хооронд гээд цахилгаан хэрэгслүүдийнхээ залгуурыг салгадаггүй. Тэгвэл салгаагүй үлдээсэн зурагт, угаалгын машин, хатаагч, богино долгионы зуух гэх мэт зүйл бага багаар цахилгаан идсээр байдаг. “Дуслыг хураавал далай” гэдэг шиг дуслаар алдсаар байвал далайг алдана. Иймд гэрээс гарахдаа Wi-Fi-аа унтрааж, болж өгвөл шөнө унтахдаа ч гэсэн Wi-Fi-аа унтраахыг зориорой.
3. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүд ашиглах
Сүүлийн үед эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд ихээр бий болсон. Та тэдгээрээс сонгож, шинэ цахилгаан хэрэгсэл авсан мөнгөө явцын дунд цахилгааныхаа төлбөрөөс суутгаарай. Учир нь энгийн цахилгаан хэрэгслүүд их хэмжээгээр цахилгаан зарцуулдаг юм. Ялангуяа хуучирч муудсан цахилгаан хэрэгслүүд бүр ихээр цахилгаан зарцуулдаг байна.
4.Цахилгаан хатаагч ашиглахаа зогсоох
Эрчим хүчээ хэмнэхээр шийдсэн бол цахилгаан хатаагчаас татгалзаарай. Энэ нь их хэмжээний цахилгаан хэрэглэдэг бөгөөд шөнөжин залгаатай хоноод агаар хуурайшуулахаас гадна анхаарал ихээхэн шаардана. Иймд угаасан хувцсаа энгийн хатаагч дээр тавиад паар юм уу зуухныхаа хажууд тавиарай.
5.Хөргөгч, хөлдөөгчөө дүүргэх Хөргөгч, хөлдөөгч дүүрэн үедээ илүү сайн ажилладаг гэдгийг та мэдэх үү. Ялангуяа том хөргөгчийн хувьд хоосон эсвэл дотроо цөөн зүйлтэй байх нь эрчим хүч их хэрэглэх шалтгаан болдог байна. Тиймээс дотроо юмгүй үед нь устай сав, ууттай мөс зэргийг тавьж хоосон зайг нь дүүргэж байгаарай. Тэнэг харагдаж магадгүй л дээ. Гэхдээ л ингэх нь эрчим хүч хэмнэдэг. Мөн хөргөгчийг паар, зуух, цахилгаан зуух зэрэг халуун зүйлээс хол тавьж, арын хэсэгт нь агаарын солилцоо сайн явагдахаар байрлуулаарай.