Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх журам

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 56 дугаар тогтоол

Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгэх журам

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Улаанбаатар хотын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний мэдээллийн санг бүрдүүлэх, хэрэглэгчдийг бодит мэдээллээр хангах, тухайн барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, чанар, хийц, инженерийн хангамж, тэдгээрийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг төвлөрүүлэх хадгалах, өөрчлөх, шинэчлэх, боловсруулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. “Хот байгуулалтын тухай”, “Барилгын тухай” хуулийн , ”Орон сууцны тухай” хууль, Архивын тухай хууль, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм, Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм болон холбогдох бусад эрх зүйн актуудыг мөрдлөг болгон Барилга байгууламжийг мэдээллийн санд бүртгэх ба мэдээллийн сан нь барилгын паспортжуулалтын ажлын салшгүй хэсэг байна

1.3.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний мэдээлэл нь холбогдох өгөгдлийн хамт Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд (цаашид “Мэдээллийн сан” гэх) бүртгэгдэж хадгалагдах ба Мэдээллийн санг эрхлэгч байгууллага хотын түргэн тусламж, гал түймэртэй тэмцэх газар, цагдаа, шуудан холбооны байгууллагууд, Орон сууц ашиглалтын байгууллагууд , Нийслэл, дүүргийн газрын алба, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газартай хаягийн өөрчлөлтийн талаар хамтран ажиллаж мэдээлэл солилцоно

1.4.Барилга байгууламжийг зориулалтаар нь орон сууцны, олон нийтийн үйлчилгээний, амралт, аялал жуулчлалын, үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, агуулахын, тусгай зориулалтын болон түр барилга гэж ангилна.

1.5. Энэ журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.5.1 “Орон сууцны барилга” гэж хүн амьдрах эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан дан болон давхар байгууламжийг:

1.5.2 “Олон нийтийн үйлчилгээний барилга” гэж эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, биеийн тамир спорт, худалдаа, ахуй үйлчилгээ, тээвэр, холбоо зэрэг олон нийтийн зориулалттай барилга, албан конторыг;

1.5.3. “Амралт, аялал жуулчлалын барилга” гэж хотын ногоон бүс болон аялал жуулчлал, түүх соёлын дурсгалт газарт баригдсан амралтын зориулалттай цогцолбор байгууламжийг;

1.5.4.“Үйлдвэрлэлийн барилга” гэж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн техник, технологи бүхий зориулалтын барилга, байгууламжийг;

1.5.5. “Хөдөө аж ахуйн барилга” гэж газар тариалан, мал аж ахуй эрхлэх, хөдөө аж ахуйн зориулалтын байгууламжийг;

1.5.6. “Тусгай зориулалтын барилга” гэж батлан хамгаалах, онцгой дэглэм, иргэний хамгаалалтын болон агуулахын, оршуулга, хог хаягдал, цаг уурын станц, инженерийн төрөл бүрийн зориулалтын далан суваг, шуудуу, худаг, дэд өртөө, хуваарилах байгууламжийг;

1.5.7.“Түр барилга” гэж харуул, хамгаалалт, бааюу зориулалтын байгууламжийг;

Хоёр. Мэдээллийн санд бүртгэх

1. “Барилгын тухай” хуулийн 3.1.4-д заасан “барилга байгууламж” гэсэн тодорхойлолтод хамаарагдах нийслэлийн нутаг дэвсгэрт улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүртгэнэ.

2. Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга ашиглалтад оруулах улсын комиссын акт, барилга, байгууламжийн хувийн хэргийг бүрдүүлэн мэдээллийн санд бүртгүүлж, дугаар авна.

3. Мэдээллийн санд дараахи, байвал зохих мэдээллүүд багтана. Үүнд:

4. Газар эзэмшиж, ашиглах, өмчлөх гэрээ, гэрчилгээ, зориулалт;

5. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /тухайн барилгыг эзэмших эрх/ Анхны өртөг

6. Барилга байгууламжийн анхны буюу одоогийн зориулалт, хүчин чадал, ашиглалтанд орсон он;

7. Барилгын хаяг, дугаар, байршил барилгын хадмал дугаартай эсэх;

8. Барилга байгууламжийн зураг төсөв /хэмжээ /суурийн талбай, ашигтай талбай/, эзэлхүүн, давхар, хийц /суурь, хана, хучилт, дээвэр… / газар хөдлөлт, галд тэсвэрлэлт;

9. Ерөнхий төлөвлөгөө, гүйцэтгэлийн зураг, гүйцэтгэгч,огноо;

10. Дулаан, цэвэр бохир ус, цахилгаан хангамж, холбоо, дохиолол, агааржуулалтын талаархи мэдээлэл;

11. Газар хөдлөлт, галд тэсвэрлэлт, эдэлгээний зэрэг, газар хөдлөлтийн заадастай эсэх, газар хөдлөлтийн арга хэмжээ авагдсан эсэх;

12. Барилга байгууламжаа мэдээллийн санд оруулах үүргийг тухайн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг хариуцагч байгууллагууд хүлээнэ.

13. Мэдээллийн санд өгөх тайлан мэдээг гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан, шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн тохиолдолд гэм буруутай албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

14. Мэдээллийн нэгдсэн санг хэрэглэгч байгууллагууд нь мэдээллийн санг эрхлэгч байгууллагатай мэдээллээр үйлчлүүлэх тухай гэрээ байгуулан ажиллана.

Гурав. Мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалт

1. Мэдээллийн санг нийслэлийн нутгийн захиргааны мэргэжлийн байгууллагууд, мэдээллийг бүрдүүлэгч байгууллага иргэдийн санал, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн нууц мэдээлэл, олон нийтийн мэдээлэл гэж ангилан хадгалалт, хамгаалалтыг зохицуулна.

2. Эрхлэгч байгууллага нь мэдээний бүрэн бүтэн байдал, хадгалалт, нууцлалыг хариуцаж хяналт тавина. Үүнд:

3. Мэдээллийн сангийн ангилал бүрээр мэдээлэлд хандах эрх, үүргийг тогтооно.

4. Нууц мэдээ, материалын хадгалалт хамгаалалт, ашиглалтыг хариуцсан нууцын мэргэжилтэн байна.

5. Эх мэдээний ашиглалтын бүртгэл хөтөлнө.

6. Тоон хэлбэрийн мэдээний нарийвчилсан бүртгэлтэй байна.

7. Мэдээллийн сангийн мэдээллийг компьютерийн файл хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахыг хориглоно.

8. Тоон мэдээллийг эх хувь, ажлын хэрэгцээний, архив гэсэн 3 хэсэгт хадгална. Эх хувийг эх материалын хамт сейфэнд хадгална хэрэгцээний хувь нь ажилд хэрэглэгдэнэ.

9. Архивын хувь нь гэнэтийн ослоос сэргийлэх зорилгоор долоо хоног бүрийн эцэст хийгдэх ба хугацааны найдвартай ажиллагааг хангах зорилгоор 4 хувь ширхэг байна.

10. Мэдээллийн санд бүртгэгдсэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний талаар лавлагаа авахдаа мэдээ бүрдүүлэгч үндсэн байгууллагаас зөвшөөрөл авна.

11. Мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, нууцлалт алдсан тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

12. Мэдээллийн сангийн мэдээ, өгөгдөлд засвар өөрчлөлт оруулах тохиолдолд мэдээллийн санг эрхлэгч байгууллагын даргад мэдэгдэж зөвшөөрөл авна.

13. Мэдээллийн санг эрхэлж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиг олох зорилгоор бусдад дамжуулах болон худалдахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Мэдээллийн санг эрхлэгч байгууллагын эрх, үүрэг

1. Мэдээллийн санг эрхлэгч байгууллага нь Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар байна.

2. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөтөлбөр, төсөл, судалгаа шинжилгээ, мэдээ, зураглалын ажлын үр дүнг мэдээллийн нэгдсэн санд шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

3. Мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдлийг шилжүүлэх, шинээр оруулах, засварлах, эрэмблэх, устгах, архивлах, мэдээллээр үйлчлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

4. Мэдээллийн сангийн үндсэн хэрэглэгч буюу сүлжээнд холбогдогч байгууллагууд, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээс мэдээллийн санд зайлшгүй байх мэдээ, өгөгдлүүдийг шаардах, оруулах, боловсруулах, хадгалах, мэдээлэл бүрдүүлэх, зөвшөөрөгдсөн хүрээнд дамжуулна.

5. Мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглэгч байгууллагуудын сүлжээнд найдвартай ажиллагааг хангана.

6. Оруулах болон гаргах мэдээллийн стандартыг боловсруулах, хэрэглэгчдэд зориулсан сургалт явуулах, технологи, аргачлалаар хангана.

7. Мэдээллийн санд оруулах шаардлагагүй буюу боловсруулалтын түвшин хангаагүй мэдээ, материалыг оруулахаас татгалзах эрхтэй.

8. Улсын хэмжээний бусад мэдээллийн сангуудтай шаардлагатай мэдээллийг зөвшөөрөгдсөн хэмжээнд харилцан солилцох эрхтэй.

9. Мэдээллийн нэгдсэн санг эрхлэх байгууллага нь санд заавал байх мэдээллийг бүрдүүлэхийг үндсэн хэрэглэгчдээс шаардах журмын дагуу мэдээллээр үйлчилнэ.

10. Эрхлэгч байгууллага нь мэдээллийг түүний ач холбогдол, бэлтгэхэд гарсан зардал, боловсруулалтын түвшинг үндэслэн үнэлж иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдээллийг зохих журмын дагуу төлбөртэйгээр үйлчилнэ.

11. Эрхлэгч байгууллага нь мэдээллийн сангийн үйлчилгээнээс олсон орлогын зарим хэсгийг мэдээллийн санд шаардлагатай мэдээ, баримт, техник хэрэгсэл, ажлын хэрэгцээний материал худалдан авахад зориулан гаргаж болно.

12. Эрхлэгч байгууллага нь өөрийн гаргаж өгч буй мэдээлэл, схем зургаа баталгаажуулах албан бичгийн маягт, тэмдэгтэй байна.

Тав. Мэдээллийн сангийн санхүүжилт

1. Эрхлэгч байгууллага нь хотын төсөв болон үйл ажиллагааны орлогоос санхүүжнэ.

2. Газрын мэдээллийн системийн хөгжлийн дэлхийн өнөөгийн технологийн хоцрогдлоос сэргийлэх зорилгоор тухайлан энэ чиглэлд хөрөнгийг Нийслэлийн жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж өгнө.

Зургаа. Мэдээллийн нэгдсэн сангийн ашиглалт

1. Мэдээллийн сангаас мэдээллээр үйлчлэхдээ энэ журам болон холбогдох хууль, дүрэм, журамд заагдсан хэмжээнд үйлчилнэ.

2. Мэдээллийн санг эрхлэгч байгууллага нь мэдээллийн сангийн үйл ажиллагааг мэдээлэл солилцох байгууллагын хариуцах ажилтантай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж, мэдээллээр үйлчлэх ажиллагаа нь уг гэрээгээр зохицуулагдана.

Мэдээллийн сангийн мэдээллийг судалгаа шинжилгээний ажил хийж мэдээ бэлтгэх болон бусад хэлбэрээр ашиглахдаа түүнийг анх бүрдүүлсэн байгууллага, хүний нэрийг заавал эх сурвалж болгон дурдаж байна.