Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын Москва хотын “Гипрогор” институт хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш тус институт 1961, 1976, 1986 онуудад 4 удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.
Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш 5 дахь удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол улсын архитектор, инженерүүд боловсруулж Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан. Улмаар тус ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад нийслэлийн хүн ам, эдийн засаг, газрын харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсны улмаас тодотгол хийх шаардлага бий болж Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг боловсруулж Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлуулж Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байна. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Хот байгуулалт, хөгжлийн газар боловсруулаад байна.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ҮНЭЛГЭЭ ДҮГНЭЛТ, СУУРЬ СУДАЛГАА”, “КОНЦЕПЦ”, “ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” гэсэн 3 үе шаттай хийж гүйцэтгэж байгаа бөгөөд эхний үе шат “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”-г 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн.
Хоёр дахь үе шат “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд тус асуудалтай холбогдуулан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж НИТХ-ын ээлжит XXVIII хуралдаанаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулахыг үүрэг болгосон.
Тус ажлын хэсэг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдөөс санал авах, Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийж санал, зөвлөмж авах ажлыг зохион байгуулсан бөгөөд Төлөөлөгчдөөс ирүүлсэн болон Мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн боловсруулж “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-д шинээр нэмж тусгах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурлаар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ.
Гурав дахь үе шат Монгол Улсын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн батлуулж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамтай хамтран боловсруулна.