Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Швейцарын Мабетекс группын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны мэргэжилтнүүд
- “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”,
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Аэросити” шинэ хотын ерөнхий төлөвлөгөө,
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ын талаарх танилцуулга мэдээллийг хүргэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат дараатай олон ажлыг төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлж байна” гэдгийг онцоллоо.
Мабетекс группийн захирал Африм Паколли “Хотын төвлөрлийг сааруулахын тулд хотод ойрхон газрыг сонгоод дэд бүтцийг бий болгож, дагуул хотуудыг байгуулах нь зөв зүйтэй шийдэл. Бид харилцан туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.