Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 28, 29, 30 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Прожект тийм групп” ХХК, Чингэлтэй дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 51, 52 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Эм ти эм сити инженеринг” ХХК, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 36А, 36Б дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ гэр түншлэл” ХХК тус тус шалгарсныг батламжилж, газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олголоо.