Монгол улсын хөгжлийн банк хот дахин хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Аз жаргалтай хот” хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах болон ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслүүдийг нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

2019 он бол Улаанбаатар хотын 380 жилийн түүхт ой тохиож байгаа онцлогтой жил бөгөөд нийслэлийн зүгээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүхий л салбарын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэар зорин ажиллаж, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгохоор шийдвэрлэсэн.

Тиймээс нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажлын гол цөм болсон төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хот дахин хөгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж барилгажилтын явцыг хурдасгахад түлхэц болох зорилгоор өнөөдөр нийслэлийн болон Монгол улсын хөгжлийн банкны удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарсан уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Ингэснээр барилгын компаниуд хөнгөлөлттэй нөхцлөөр Хөгжлийн банкнаас зээл авах боломжтой болж байгаа юм. Тус Барилгын компаниуд зээл авахын тулд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан байх ёстой.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 13 удаагийн захирамжаар Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх дүүргийн 3695 айл /13,302 иргэн/-ын 143 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.

2019 оны 01 дүгээр сарын байдлаар дээрх 143 барилгаас 74 орон сууцны барилгыг шинээр барих төсөл хэрэгжүүлэгч шалгарч, нийслэлийн Засаг дарга болон оршин суугчидтай гурван талт гэрээ байгуулан 531 айлын 27 орон сууцыг буулгаснаар 1912 иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан ба нийт 823 айлын 8 барилгыг шинээр барьж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөв. 2019 онд төсөл хэрэгжүүлэгч шалгарсан үлдсэн 47 орон сууцны оршин суугчидтай гурван талт гэрээг байгуулж, барилгыг буулган, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.