Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр

Засгийн газрын 2009 оны 157 дугаар
тогтоолын хавсралт

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага

Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн зуунд олон тооны газар хөдлөлт болж байснаас 1905 оны Булнайн болон Цэцэрлэгийн (8,3 магнитуд), 1931 оны Монгол Алтайн (8 магнитуд), 1957 оны Их богдын (8,3 магнитуд) 1967 оны Могодын (7,3 магнитуд) гэх хүчтэй газар хөдлөлтүүд болж тэдгээр нь хот, суурин газраас алс хол, хүн ам сийрэг газарт болсон тул хохирол багатай байжээ.

Газар чичирхийллийг хэмжих анхны станцыг БНМАУ (хуучин нэрээр)-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 565 дугаар тогтоолын дагуу 1957 онд байгуулсан байна.

Монголын газар хөдлөлтийн 1:2500000 масштабтай ерөнхий мужлалын зургийг 1982 онд боловсруулж 1988 оноос одоог хүртэл хот байгуулалт, барилгын зураг төсөл зохиох ажилд ашиглаж байна. Улаанбаатар хотын бичил мужлалын ерөнхий схем зургийг 1968 онд хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийн ажилд ашиглаж байна.

Манай орны суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш, 12 суурин газар нь газар хөдлөлтийн 9 болон түүнээс дээш баллын бүс нутагт оршиж байна. Газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь амьдарч байна. 2007 онд Улаанбаатар хотын хэмжээнд явуулсан орон сууцны барилгын тооллогын дүнгээс харахад нийт барилгын 4,6 хувь нь газар хөдлөлтийн нөлөөллийг тооцоогүй зураг төслөөр баригдсан байна.

Сүүлийн жилүүдэд манайд хүн амын төвлөрөл эрчимтэй явагдаж өнөөдрийн байдлаар нийт хүн амын 60,2 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа тул болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг багасгах асуудалд анхаарах шаардлагатай байна.

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар болзошгүй шууд болон шууд бус хор хөнөөлийн үнэлгээ хийх, түүнийг урьдчилан таамаглах, улсын болон тухайн бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг салбар дундын түвшинд иж бүрнээр нь шийдвэрлэхийг өнөөгийн нөхцөл байдал зайлшгүй шаардаж байна.

Хоёр. Зорилго

Хөтөлбөрийн зорилго нь Монгол орны нутаг дэвсгэрт учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хүчтэй газар хөдлөлтийн голомт бүхий бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, ашиглагдаж байгаа зарим барилга, байгууламжийн хийц, бүтээцийг хүчитгэх замаар эвдрэл, нуралтаас үүсэх хохирлыг багасгах, орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хангаж, байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
3.1.1. газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
3.1.2. газар хөдлөлтийн аюулын үнэлгээ хийж, ерөнхий болон бичил мужлалын зураг зохиох, газар хөдлөлт бүртгэх станцын сүлжээг өргөтгөх;
3.1.3. хот суурин болон бүс нутгийн эрсдэлийн үнэлгээг хийх;
3.1.4. гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Хөтөлбөрийн 3.1.1 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1. газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт, авран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, эрдэмтэн судлаач, инженер техникийн болон бусад төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, олон улсын ижил чиг үүрэг бүхий зөвлөл, байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг тогтворжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгт элсэх, хамтарсан сургалт, семинар зохион байгуулахад туслалцаа үзүүлэх;
4.1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн бүртгэлийн мэдээллийн санг баяжуулах, олон улсын мэргэжлийн байгууллага, нийгэмлэгтэй мэдээлэл болон мэргэжилтэн харилцан солилцох, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах;
4.1.3. олон нийтэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон газар хөдлөлтийн гамшгийн үеийн авран хамгаалах сургалт зохион байгуулах, сурталчлах, гамшгийн хор холбогдлыг тайлбарлан таниулах;
4.1.4. гамшгийн хор холбогдлыг бууруулахад шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх;
4.1.5. хот байгуулалт, барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрт газар чичирхийллийн нөлөөллийг тооцох, төлөвлөх хичээл нэмэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, кредит цагийг нэмэгдүүлэх, багш нарыг давтан сургах, мэргэшүүлэх;
4.1.6. газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах.

4.2. Хөтөлбөрийн 3.1.2 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.2.1. Монгол орныг хамарсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг боловсруулах ажлыг нэгдсэн аргачлал, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан зохион байгуулах;
4.2.2. газар хөдлөлтийн өндөр эрсдэл бүхий хот, суурин газар, бүсүүдийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10000-ны масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шатаар хэрэгжүүлэх;
4.2.3. хүн ам олноор суурьшсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хөрсний хурдатгалын бичлэг /акселограмм/ хийх;
4.2.4. орон нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх станцын дэд бүтцийг сайжруулах боловсон хүчний чадавхийг нь дээшлүүлэх;
4.2.5. газар хөдлөлтийн судалгаа эрхэлдэг байгууллагыг газар хөдлөлт бүртгэх нүүдлийн станц болон геофизикийн орчин үеийн иж бүрэн багаж, техник хэрэгслээр хангах;
4.2.6. газар чичирхийллийг бүртгэх, мэдээлэл боловсруулах байнгын станцыг шинээр байгуулах.
4.3. Хөтөлбөрийн 3.1.3 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.3.1. газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, тектоникийн судалгааны ажлыг орчин үеийн технологийн түвшинд хийх;
4.3.2. хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх;
4.3.3. эрдэс баялаг, уул уурхайн томоохон цогцолборуудыг дагаж байгуулагдах суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг тогтоосон баримт бичиг боловсруулах;
4.3.4. хот, суурин газруудын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний ажлыг дуусгаж, мэдээллийн сан байгуулах;
4.3.5. хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд болон Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, дэд бүтцийн байгууламжуудад үзлэг, тооллого явуулж, паспортжуулах, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн нэмэлт арга хэмжээг үе шатаар эхлүүлэх;
4.3.6. барилга байгууламжийг загварчилж бодит байдалд турших, дүн шинжилгээ хийх, барилгын бүтээц болон түүний элементийг газар хөдлөлтөд турших, багаж, тоног төхөөрөмж бүхий лабораторитой болгох, ашиглагдаж байгаа туршилтын багаж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх;
4.3.7. хот, суурин газрыг төлөвлөх, барилгажуулах төсөлд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл тодорхойлох талаар явуулсан сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг тусгах;
4.3.8. хангайн, төвийн болон баруун бүсийн тулгуур төвүүд болон Улаанбаатар хотын 1:1000-аас доошгүй масштабтай газрын дижитал зургийн санг байгуулах;
4.3.9. эрүүл мэнд болон боловсролын байгууллагын барилгын даац, бат бэх, газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын үнэлгээ хийх.

4.4. хөтөлбөрийн 3.1.4 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.4.1. газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг томоохон хот суурин газар бүрээр боловсруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх;
4.4.2. гамшгаас хамгаалах алба, аймаг орон нутагт явуулдаг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургалтад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах, болзошгүй гамшгийн үед ажиллах хамтын ажиллагааг сайжруулж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх;
4.4.3. газар хөдлөлтийн гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардлагатай багаж хэрэгслийг буцалтгүй тусламж, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамруулан шинэчлэх арга хэмжээ авах.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:

5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2. гадаадын зээл, тусламж;
5.1.3. бусад эх үүсвэр.

5.2. Улсын төсөвт тусган санхүүжүүлэх хөрөнгийг тухайн асуудлыг хариуцсан сайдын төсвийн багцад жил бүр тусгана.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт

6.1. Хөтөлбөрийг 2009-2014, 2015-2020 гэсэн хоёр үе шатаар хэрэгжүүлнэ.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн асуудлаараа төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, харьяа нутаг дэвсгэртээ аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн

7.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр болзошгүй газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажиллаж, газар хөдлөлтийн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нөхцөл бүрдэнэ.
7.2. Монгол орны газар хөдлөлтийн эрсдэл өндөр хот, суурин газрын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээнд газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байна.
7.3. 1970 оноос өмнө төв, суурин газарт баригдсан олон нийт, иргэний болон үйлдвэрийн барилга, байгууламжийн газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар нормативт хэмжээнд хүрсэн байна.
7.4. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах механизм бүрдэж, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн ажиллагаа салбарын яамд, эрдэм шинжилгээний байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжих орчин шинээр бий болно.
7.5. Улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн тогтолцооны дэд сан болох газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан байгуулагдана.
7.6. Барилга байгууламжийг газар хөдлөлтийн эрсдэлтэйгээр төлөвлөх, барих, ашиглах ажлыг гардан гүйцэтгэдэг үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдэж, шинжлэх ухаан, технологийн инноваци эрчимтэй нэвтэрснээр газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг багасгах орчин бүрдэнэ.
7.7. Барилга байгууламжийн хийц, элементийн бат бэх, тогтворыг турших лабораторитой болсноор барилга байгууламжийн тогтвор, чанарыг нэмэгдүүлж, хүн амын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ.
7.8. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд монгол орныг хамарсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг шинэчлэгдэж, нийслэл, зарим төв, суурин газрын бичил мужлалын зургийг зохионо.
7.9. Дэд бүтцийн салбарын боловсон хүчний мэдлэг, дадлага, туршлагыг дээшлүүлснээр барилга байгууламжийн бат бэх чанар дээшилж, үр ашигтай техникийн шийдэл, материал, технологи нэвтрэн, эвдрэл сүйрэл багасна.
7.10. Эрүүл мэнд болон боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал сайжирна.