Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд, суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1,183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр баригдахаар төлөвлөгдсөн /АТД авсан/ барилгын мэдээлэлд тулгуурлан хүн амын нягтралыг тооцоолоход “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-т заасан хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-д хүрсэн болон хэтэрсэн 143 хэсгийн 1,508 га талбай байна.
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хүн амын тооцоот нягтралыг давсан байршлуудад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн дагуу баригдах барилга байгууламж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох, шилжүүлэх, талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх, барилга байгууламжийн үе шатны захиргааны акт олгох үйл ажиллагааг хориглох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/867 дугаар захирамж батлагдлаа.