Зураг төсөл зохиогч байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна

Нийслэлийн Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-ийн дагуу Төрөөс архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар баримтлах бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөр, хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох, тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагын боловсруулсан загвар зургийг зөвшилцөх, батлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.     

Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, норм норматив, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг чанд мөрдөн хотын хөгжил, бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад таатай байх болно.

Харин холбогдох хууль тогтоомж, норм ба дүрэм, стандарт, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж зураг төсөл боловсруулсан, дээрх үйлдэл удаа дараа давтагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар санал гаргаж шийдвэрлүүлнэ гэдгийг Нийслэлийн Ерөнхий архитекторын зүгээс мэдэгдэж байна.