Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж, гэрээ байгуулах эрх олголоо.

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гаргасны дагуу 48 барилгын 892 айлын орон сууцыг буулган 15 барилгын 2,478 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2022 оны  дүгнэлтийг үндэслэн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуй нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо. Уг төслийн хүрээнд одоо байгаа 6 хуучин орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 204 өрхийн 816 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

БАГЦТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧБАЙРШИЛ
1ХУД-11“Монтекарло голд” ХХКХан-Уул дүүргийн 11 дугаар хороо Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын 20-р байр
2СХД-01“Хур алтан өргөө” ХХКСонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-01, СТ-02, СТ-03-р байр
3СХД-02“Хур алтан өргөө” ХХКСонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо СТ-04, СТ-05-р байр