Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах талаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцууллаа. Тус байгууллага нь 2006 оноос Хот байгуулалтын мэдээллийн санг эрхлэн ажиллаж байгаа бөгөөд тус сан нь нийслэлийн байр зүйн зураг болон хот байгуулалтын мэдээллийн менежментийн системээс бүрддэг.
Хот байгуулалтын мэдээллийн сан нь 9 бүлгийн 338 төрлийн 500000 гаруй давхаргын өгөгдөл мэдээллээс бүрддэг бөгөөд мэдээллийн санг шинэчлэх ажлыг өдөр тутам хийж гүйцэтгэж байна.
Барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд http://building.ulaanbaatar.mn/ цахим хуудсаар дамжуулан нээлттэй хүргэдэг бөгөөд одоогоор 3415 барилга, байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл байна.
Тус газраас хот байгуулалтын чиглэлийн 22 төрлийн төрийн үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан өдөр тутамд үзүүлдгээс хамгийн эрэлттэй 6 төрлийн 8 үйлчилгээний хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn цахим хуудсаар дамжуулан хүлээн авч шийдвэрлэж байна.
2021 оны III улирлын байдлаар нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээр Нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт багтаа хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоногт хүсэлтээ шийдвэрлүүлэн хүлээн авах боломжтой болсон. Цаашид Барилгын загвар зураг батлах, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох үйлчилгээг энэ оны IV улиралд багтаан цахимаар үзүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа ба ХБХГ-ын цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын гишүүд цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийг нээлттэй хүргэх тал дээр анхааран ажиллахыг зөвлөж, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжүүлэхийг дэмжив.