Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг чиглэлийг өглөө.
Баянгол дүүргийн 16 хороо Гандантэгчэнлин хийд орчим нь 55.8 га талбайг хамрах бөгөөд тус хэсэгт 1,642 өрхийн 5,743 иргэн оршин сууж байна. Мөн 1161 нэгж талбарт 2538 барилга, байгууламж байрлах бөгөөд 174 аж ахуй нэгж, байгууллага шашны эд зүйлсийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхэлдэг. Гадаадын жуулчдын Улаанбаатар хотын хамгийн түрүүнд очиж сонирхдог газруудын нь Гандантэгчилэн хийд бөгөөд Жанрайсэг дуганыг сонирхож орсон жуулчдын тоо 2015 онд 25.000, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 болж жилээс жилд нэмэгдэж байна.
2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан бөгөөд тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1,568 өрхийн 6,740 иргэн оршин суухаар тооцон барилгын давхрын дээд хязгаарыг 5 давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 м байхаар төлөвлөсөн. 2012 оноос Монголын зүрхэн шүтээн төсөл, Худалдаа үйлчилгээний гудамж төсөл, Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах төсөл, Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах төсөл, Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд зонхова” цогцолбор зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.
Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна. Цаашид “Гандантэгчинлэн хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ.