Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын Хөгжлийн судалгааны төв, “Догва инженеринг” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяртай уулзлаа.
Эдгээр байгууллага нь Монгол Улсад “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг 2004 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Барилга, хот байгуулалтын яамны хүсэлтээр “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ хот /Аэросити/-ын ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөө боловсруулахаар ирсэн бөгөөд эцсийн тайланг энэ оны есдүгээр сард Барилга, Хот байгуулалтын яаманд хүлээлгэн өгөх юм байна.
Хот байгуулалт, хөгжлийн газрын зүгээс Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц, дагуул хотуудын хөгжлийн бодлого, тэр дундаа Аэросити дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж БНСУ-ын Хөгжлийн судалгааны төв, “Догва инженеринг” ХХК-ийн боловсруулж буй ажлын тайлангийн явцтай танилцаж санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дагуул хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Улаанбаатар хотын хот байгуулалтын бодлогыг судалгаа, төлөвлөлтийн ажилдаа тусгаж хамтран ажиллахыг хүссэн байна.