Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны ”Журам батлах тухай” 5/14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай

2014 оны 05 сарын 20 өдөр                                            дугаар А/404                                              Улаанбаатар хот

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын 2014 оны ”Журам батлах тухай”
5/14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “г”, 29.1.6-гийн “а”, 29.2, 36 дугаар зүйлийн 36.1.1 дахь заалт, 39 дүгээр зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны ”Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд  оруулах үйл ажиллагааны журам, Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам батлах тухай”  5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын холбогдох заалтыг хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг дараах байгууллагуудын удирдлагуудад тус тус даалгасугай. Үүнд:
1.1 Төсөвт байгууллагад барилга барих зориулалтаар газрын эрхийг олгохдоо тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.4-ийг баримтлан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах,
1.2 Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад барилга барих зориулалтаар газрын эрхийг олгохдоо тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.5-ыг баримтлан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж дуудлага худалдааны зарчмаар,
1.3 Цахилгаан, дулаан болон цэвэр усны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж барих, өргөтгөх, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих, нэг зуугаас дээш ажлын байр бий болгосон үйлдвэрийн барилга, байгууламж барих, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар газрын эрхийг олгохдоо тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын 2.6-г баримтлан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар,
1.4 Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан журмыг баримтлан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т,
Хоёр. Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газарт барилга барих зөвшөөрөл олгох, барилгын эх загвар зургийг батлахдаа тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын гурав, дөрөвдүгээр бүлгийг баримтлан иргэн, хуулийн этгээдийн оролцоог ханган шийдвэрлэх,
2.1 Батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохдоо тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын зургадугаар бүлгийг баримтлан ажиллах,
2.2 Хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журам дүрмийн дагуу барьж байгуулсан барилга, байгууламжийг ашиглалтанд оруулахдаа тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын долоодугаар бүлгийг баримтлан барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах тухай дүгнэлт гаргаж, барилгыг хүлээн авах, барилга угсралтын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т,
Гурав. Барилга барих зөөвшөөрлийн дагуу тухайн барилгыг инженерийн шугам сүлжээгээр хангах техникийн нөхцөлийг олгохдоо тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан журмын тавдугаар бүлгийг баримтлан ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд,
Дөрөв.  Тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтаар батлагдсан хориглох заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд болон албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцох, хариуцлага ноогдуулах санал гаргах, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т тус тус даалгасугай.
Тав. Тогтоолоор батлагдсан журмуудыг иргэд, олон нийтэд танилцуулах, сурталчлах, ойлгуулах ажлыг зохион байгуулж, олон нийтийг мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т даалгасугай.
Зургаа. Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилга, байгууламжийг ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байхыг Ус сувгийн удирдах газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д тус тус үүрэг болгосугай.
Долоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч /С.Очирбат/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ