Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр, технологийн парк”-ийн ТЭЗҮ батлах тухай асуудлыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа.
Багахангай Хөнгөн үйлдвэрийн ҮТП-ийн төсөл хэрэгжсэнээр боловсруулах аж үйлдвэрийн салбарт 500 ажлын байр нэмэгдэж, ажиллагчдын дундаж цалин 1053,0 мянган төгрөг болохоор байна. Эдгээр 10 үйлдвэрүүдэд 32 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж 52,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, жил бүр 2.4 тэрбум төгрөг улс болон орон нутгийн төсөвт НДШ, ХХОАТ, ашгийн татвар болон бусад төлбөр хураамжийн байдлаар орох урьдчилсан тооцоо гарч байна.
Багахангай Хөнгөн үйлдвэрийн ҮТП-ийн төсөл хэрэгжсэнээр боловсруулах аж үйлдвэрийн 2020 онд ДНБ-д боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ.
Парк захиргаа технологи дамжуулах төв, Өндөр технологийн үйлдвэрийн бүс, Ноос ноолуурын үйлдвэрийн бүс, Арьс ширний үйлдвэрийн бүс, Нөөц нутаг дэвсгэр гэсэн 5 бүстэй бөгөөд хоорондоо амралтын талбай бүхий ногоон зурвасаар тусгаарлагдсан байхаар санал боловсруулсан. Үүнд:
- ХҮҮТП-ийн захиргаа, технологи дамжуулах төвийг 1,2 га талбайд;
- Өндөр технологийн үйлдвэрийг /сэргээгдэх эрчим хүчний/ 1,5 га талбайд;
- Ноос ноолууран эдлэлийн үйлдвэрийг 2,0 га талбайд;
- Арьс ширэн эдлэлийн үйлдвэрийг 2,8 га талбайд;
- Нөөц нутаг дэвсгэр 15,4 га талбайд тус тус байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэр, технологийн парк”-ийн ТЭЗҮ батлагдлаа.