Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, мэдээллийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 2 сая 89 мянган хүн амтай байхаар тооцсон бөгөөд үүнээс дагуул хот тосгодод 440 мянган хүн ам оршин суухаар төлөвлөсөн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдэл нь хотын төвлөрлийг сааруулахад чиглэгдсэн бөгөөд дагуул хот, тосгодод Томоохон үйлдвэр аж ахуй нэгж, зарим Их, дээд сургуулиудыг шилжүүлэн ажлын байрыг бий болгосноор хотын төвлөрлийг сааруулна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тайлан, танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг https://ulaanbaatar2040.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.