Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын захиалгаар хийгдэж байгаа “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө” боловсруулах ажлын явцын талаар хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч “Престиж инженеринг” ХХК-ийн зүгээс тус ажлын суурь судалгаа, эхлэлийн тайланг танилцууллаа. Улаанбаатар хотод одоогийн байдлаар 147 км үерийн хамгаалалтын далан суваг, 187 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам, 18.3 км газар доорх хөрсний ус зайлуулах шугам сүлжээ байна.
Тухайн мастер төлөвлөгөө хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон алслагдсан дүүрэг, дагуул хотуудын инженер геологийн хайгуул судалгаа, ус зүйн тооцоо, суурь судалгаа хийгдэж, цаашид үерийн хамгаалалтын далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газрын доорх хөрсний усны шүүрүүлийн байгууламжуудыг төлөвлөн, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хийгдэнэ.
Мөн мониторингийн хяналтын цооногийг шаардлагатай байршилд нэмэгдүүлэн ул хөрсний усны чанарыг судлах, одоо байгаа инженерийн бэлтгэл арга хэмжээний шугам сүлжээний ашиглалтын түвшинд үнэлгээ хийж үерийн эрсдэлийн гамшгийг тооцон дүгнэлт гаргана.
Танилцуулгатай холбогдуулан тус ажлыг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах мөн эхлэлийн тайланг Мэргэжлийн зөвлөл /комисс/-ийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.