Улаанбаатар хотын амралт зугаалгын бүсийг нэмэгдүүлэх талаар төлөвлөлтийн шийдлийг танилцуулав.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуу дагуу стандартад нийцсэн амралт зугаалгын бүс байгуулах, тохижилт хийх төлөвлөлтийг боловсруулж, танилцуулах тухай үүрэг даалгавар өгсөн.

Үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, Хөгжлийн газрын дарга Ц.Тулга тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой талбайд газар дээр нь  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар болон холбогдох албаны хүмүүст танилцуулав.

Туул голын эрэг дагуу Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх 27 км газарт нийт 15 байршилд тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой байршил байгаа бөгөөд 11 байршилд зургийн даалгавар боловсруулан холбогдох газарт хүргүүлж, цаашид 4 байршилд зургийн даалгавар боловсруулж хүргүүлэх, Туул голын эргийн хамгаалалт, тохижилт ногоон байгууламжийг хэрхэн нэгдсэн байдлаар тохижуулах, цаашид хийж хэрэгжүүлэх арга, хэмжээний талаар танилцууллаа.

Үүний дараа иргэдийн хамгийн ихээр чөлөөт цагаа өнгөрөөдөг Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан, Зүүн Ширээт уул руу алхдаг хэсэгт очиж, цаашид хийгдэх бүтээн байгуулалт, явган зам, амралтын цэгүүд, тохижилтыг хэрхэн хийх талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, Хөгжлийн газрын дарга Ц.Тулга саналаа танилцуулж, явган замын тохижилт амрах цэгүүдийг мод, байгалийн чулуугаар хийх нь оновчтой, тус аманд чөлөөт цагаа  өнгөрөөдөг, явган алхалт хийдэг иргэдийг хогоо хаягдалдаа зориулалтын хогийн саванд цуглуулан хаяж хэвшүүлэх гэх мэт тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулав.

Хотын даргын зүгээс тохижилт, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг бүх талаас дэмжиж ажиллахаа мэдэгдэж, бүтээн байгуулалтуудыг стандартын дагуу гүйцэтгэх, олон нийтийн эрх ашгийн төлөө хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ямар нэг газрын асуудлаас болж хойшлогдох саатах  ёсгүй талаар онцолж, дээрх ажлуудыг шуурхай хийж эхлүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.