Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам

Барилга, хот байгуулалтын сайдын

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн

84 дугаар тушаалын хавсралт

 ХОТ, СУУРИН ГАЗРЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ 

 ТАЛБАЙГ СОНГОХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ

 

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах, зэрэг хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл (цаашид “төсөл” гэх) хэрэгжүүлэх талбайг сонгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журмыг төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.

Хоёр. Төсөл хэрэгжүүлэх талбай сонгох үйл ажиллагаа

2.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох ажлыг дор дурдсанаар зохион байгуулна:

2.1.1. төсөл хэрэгжүүлэх талбай сонгох талаар иргэн, хуулийн этгээд, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын саналыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хүлээн авч, хамтран ажиллана.

2.1.2. аймаг, нийслэлийн хот байгуулалтын алба энэхүү журмын 2.1.1-д заасан саналыг харгалзан 30 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэх талбайд судалгаа хийн, мэдээлэл цуглуулж, төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшөөрөлцөнө.

2.1.3. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барина.

2.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад заасан бүрэн эрхийн хүрээндтөсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргана.

2.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 2.2-т заасан шийдвэрийг гарснаас хойш Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор өдөр тутмын болон орон нутгийн хэвлэл, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ болон бусад мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлнэ.

Гурав.Төсөл хэрэгжүүлэх талбайг сонгоход тавигдах шаардлага

3.1.Төсөл хэрэгжүүлэх талбайг сонгохдооХот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2-т тус тус заасан шаардлагыг хангана.

3.2. Төсөл хэрэгжүүлэх талбайг энэхүү журмын 4 дэх зүйлд нийцүүлэн сонгоно.

3.3. Төсөл хэрэгжүүлэх талбайг сонгохдоо тухайн талбай дахь газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн саналыг харгалзсан  байна.

3.4. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчилсэн сонгож болно.

3.5.Төсөл хэрэгжүүлэхээр хэсэгчлэн сонгосон талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шаттай уялдуулсан байна.

Дөрөв. Төсөл хэрэгжүүлэх талбайн жишиг

4.1. 50.0 мянгаас дээш хүн амтай хот, суурин газарт төсөл хэрэгжүүлэх талбайг сонгоход дор дурдсан жишгийг баримтална:

4.1.1. хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах талбайн доод хэмжээ  1.0 га;

4.1.2. ашиглалтын шаардлага хангахгүй 1 ба түүнээс дээш барилга байгууламж;

4.1.3. гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах талбайн хэмжээ 5.0 га эсхүл 50 нэгж талбараас дээш;

4.1.4. гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах талбайн хэмжээ 10.0 га эсхүл 100 нэгж талбараас дээш;

4.1.5. нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөхөд талбай хэмжээ харгалзахгүй.

4.2. 50.0 мянгаас доош хүн амтай хот, суурин газарт тухайн нутаг дэвсгэрийн онцлог, хотжилт, инженерийн дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан төсөл хэрэгжүүлэх талбайн хэмжээг 4.1-д заасан жишгээс өөрөөр тогтоож болно.

Тав.Бусад

5.1. Энэхүү журмыг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

—ооОоо—