Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-р хэлэлцүүлнэ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын явц, мэдээллийг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь хороод, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн шийдлийг боловсруулж Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 2 удаагийн цахим хэлэлцүүлэг хийсэн төдийгүй Монгол Улсын Засгийн газрын  яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, засаг захиргааны анхан шатны нэгж болох Дүүрэг, хороодоос санал авч зөвшилцөх хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж тэдний санал, зөвлөмжийг авсан.                                                  

Мөн “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд, олон нийтээс https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, Улаанбаатар 2040 Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороогоор дамжуулан санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 32,230 иргэдээс санал ирүүлсэн.

Иргэдийн хувьд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх саналууд дийлэнх хувийг эзэлж байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тайлан, танилцуулга, дэлгэрэнгүй мэдээллийг https://ulaanbaatar2040.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.