Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Яармагт сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд ихээр баригдаж байна. Дан ганц Яармагийн зам цаашдаа ачааллаа дийлэхээргүй болж байна. Энэ замыг барих зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас баталсан. Үүнийгээ мөрдөж ажиллаж байна. Нийслэлээс зам барихаар төлөвлөлт хийсэн байсан газар дээр БОАЖЯ-аас газар олгосон нь асуудал үүсгээд байна. Аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгдсэн. Холбогдох хуульд заасны дагуу хоёр удаа сонсох ажиллагаа явуулсан. Төр хувийн хэвшил гурван талт гэрээ хийх зэргээр аль болох боломжит хувилбараар энэ замыг гаргах тал дээр ажиллаж байгаа” хэмээлээ.
Уг зам нь Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн баруун талаас урагшаа гарч шинэ нисэх онгоцны буудал руу явах хурдны замтай нийлэх юм байна. Цаашлаад 22-ын товчооны зам руу хүрэх хоёр салаа замын эхлэл болж байгаа юм. Авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зам юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.