Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 м2-аас дээшгүй талбай бүхий орон сууц эсхүл ашиглагдаж байгаа хуучин орон сууц худалдан авах хүсэлт гаргасан, тухайн орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувиас доошгүй урьдчилгаа төлбөр төлсөн иргэнийг жилийн 8 (±1) хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмыг Засгийн газраар батлуулж, арилжааны банкаар дамжуулан ипотекийн зээл иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
2. Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа орон сууцны барилгын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкаар дамжуулан зохион байгуулахыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
3. Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, эхний ээлжинд 1300 айлын түрээсийн орон сууцыг 2013 онд барих ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.
4. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.
5. Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгон ипотекийн хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 138 дугаар тогтоол, ““100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоол, ““100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаар тогтоол, ““100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 206 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР