Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, тогтоолын төслийн үзэл баримтлалыг Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ. Цаашид Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр Монгол Улсын Их хуралд өргөн барина.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээс дурдвал:
Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж 154 мянган ажлын байрыг шинээр бий болгосноор Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулна.
Улаанбаатар хотын хүн ам, барилгажилтын хэт төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, банк, санхүү, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий “Яармаг” шинэ хотын төв, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Шинэ төв”, “Сонсголон”, “Амгалан” дэд төв болон гэр хорооллын бүсэд 26 олон нийтийн төвийг байгуулна.
Байгаль орчны эко систем, тэнцвэрт байдлыг хамгаалж, агаар орчны бохирдлыг бууруулна. Тухайлбал, барилгажсан болон гэр хорооллын хэсэг, дэд төвүүдэд хотын болон дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулснаар нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 5 м2-аас 35 м2 болгон нэмэгдүүлж иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчин бүрдэнэ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулна. Тухайлбал, багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ. Мөн 1738.8 км замыг шинээр байгуулснаар оргил цагийн хөдөлгөөний дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.