Улаанбаатар хотын гудамжны нэрийн талаар

Тухайн хотын гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хаягийн самбарыг байршуулах, хаягийн нэгдсэн мэдээллийн санг хөтлөх нь хот төлөвлөлт, нийгэм эдийн засагт чухал ач холдогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой юм.

Улаанбаатар хотын хувьд 1990 оноос хойш одоогийн байдлаар 167 гудамж, зам талбайг ахан дүүс хотуудын нэрээр, алдар, гавъяаг мөнхлөх зорилгоор хүний нэрээр, тухайн газар нутгийн байршлын түүхэн нэр зэргээр нэршүүлж хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэн өдөр тутмын хаягжилтанд хэрэглэж байна.

Нийслэлийн хэмжээнд 1990-1998 онд 39, 2000-2007 онд 63, 2008-2011 онд 40, 2012-2018 онд 25 нийт 167 гудамж талбайг нэршүүлж АДХ болон НИТХТ-ийн тогтоолоор батлуулан, гудамжны нэршлийг хаягтай холбоотой үйл ажиллагаанд хэрэглэж байна.

Гудамж, талбайг нэршүүлэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 4 буюу түүнээс дээш урсгалтай авто замыг өргөн чөлөө, 2 буюу түүнээс дээш урсгалтай авто замыг гудамж, хотын гудамж, өргөн чөлөөтэй холбогдсон олон нийтийн зориулалттай орон зайг талбай, замын аль нэг талаараа бүрэн барилгажаагүй, нэг суурьшлыг нөгөө суурьшилтай холбосон бол зам гэх мэтээр төрлөөр нь ангилдаг.

  • Энхтайваны, Чингисийн, Ард Аюушийн, Чингэлтэйн, Л.Энэбишийн, Цагдаагийн академийн, Нийслэл хүрээ зэрэг 7 өргөн чөлөө;

 

  • Залуучууд, Цагдаа, Манлайбаатар Дамдинсүрэн, Улаанхуаран, Дандарбаатар, Б.Дорж, Ж.Самбуу, Төмөрчин, Баруун Сэлбэ, Оюутны, Эрхүүгийн, Токиогийн…. гэх мэт 134 гудамжтай.

  • Нарны, Наадамчид, Хувьсгалын, Сонсголон, Найрамдал, Морин, Шувуун фабрик, Өлзийт, Нүхт, Гачуурт, Товчоо, Эмээлт, Самбалхүндэв, Санзайн зэрэг 14 зам;

  • Д.Сүхбаатар, Тусгаар тогтнол, Барилгачид, Хуульчид, Ю.Цэдэнбалын, Сансрын нисгэгчдийн, Ч.Шархүүгийн нэрэмжит зэрэг 7 талбай;

  • Их тойруу, Бага тойруу, Үйлдвэрийн, Зайсангийн нийт 4 тойруу;

Монгол улсад болон дэлхийн түүхэнд алдар, нэрээ дуурсгаж, гавъяа байгуулсан, хойч үедээ нэр алдар, түүхэн үйл явдлыг нь таниулах, мөнхлөх зорилгоор нийт 52 гудамжийг хүний нэрээр, мөн ахан дүүс хотууд болох Бээжин, Анкара, Болгар, Эрхүү, Денвер, Москва, Сөүл, Токио, Элистей, Намъяанжу зэрэг нийт 10 гудамжийг томоохон улс орнуудын хотуудын нэрээр нэршүүлсэн байдаг. 

Хаягжуулалтын ач холбогдол

Нэг стандартын хаягтай, бүсчлэлийн кодыг бүрэн хэрэглэдэг болсноор нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болоод төрийн бус байгууллагуудын үр ашиггүй зардал багасч хамгийн чухал нь цаг хугацааг хэмнэнэ. Бизнесийн байгууллагууд үйлчилгээнийхээ хүрээг тэлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл хаягийг баталгаажуулж мэдээллийн системийн баазтай болох нь улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой юм.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Улаанбаатар хотын гудамж талбайн нэршлийг баталгаажуулж, MNS: 5283-2014 стандартын дагуу ногоон дэвсгэр дээр Монгол, Англи хэлээр цагаанаар бичиж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 54 гудамжны уулзварт 200 ширхэг гудамжны нэр бүхий мэдээллийн тэмдгийг байрлуусан.